Хот доторхи замын эвдрэлийг засч эхлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-10-21 09:26:14

Мандалговь хот доторхи замын эвдрэлийг өчигдрөөс засч эхэллээ. Нийт 1120 гаруй м.кв замын эвдрэлийг нөхөх бөгөөд замын засварыг “Бумбат даваа” ХХК гүйцэтгэхээр гэрээ байгуулжээ.

Замын эвдрэлийг замын сангийн хөрөнгөөр засч байгаа юм. Энэ онд замын санд 186 гаруй сая төгрөг төвлөрсөн бөгөөд аймгийн төвийн зүүн хойд дүүргээс урагш чиглэсэн автозам дагуух 2.1 км явган хүний зам тавих зураг төсвийг хийлгэх болон Их газрын чулууны байгалийн цогцолборт газар дахь задгай театрын орчимд 3450 м.кв явган хүний зам, автомашины зогсоол барихад тус сангаас 90 шахам сая төгрөгийг зарцуулсан байна. Үлдэгдэл 97 гаруй сая төгрөгөөр аймгийн төвийн замыг ийнхүү засч эхэлсэн ажээ.

Бага тойрог, Найрамдлын гудамж, С.Буяннэмэхийн гудамж, “Говийн ирээдүй” сургууль, Соёл амралын хүрээлэн, Хүнсний захын орчмын замуудад үүссэн эвдрэлийг нөхөх бөгөөд шинээр 4 замд гарц хийнэ.

Гүйцэтгэгч аж ахуйн нэгж 11 дүгээр сарын 3 гэхэд ажлаа дуусч, ашиглалтад хүлээлгэн өгнө.

Т. Отгонтуяа         

 

相关新闻