ЗАВХАН: Энэ онд спортын тамирчид 141 медаль хүртжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-12-24 17:43:28

Улиастай, 2024 оны арванхоёрдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Завхан аймагт энэ онд нийтийн биеийн тамирын чиглэлээр 32 үйл ажиллагааг зохион байгуулж, давхардсан тоогоор 5000 гаруй иргэн хамрагдсан байна.


Өнөөдрийн байдлаар тус аймагт уулын алхалт, нийтийн бүжиг, софт волейбол, фитнес, бассейн, ахмадын аэробикээр хичээллэх иргэдийн тоо нэмэгдсэн байна. Сайн дурын 4 клуб, үйл ажиллагаа явуулж 9 клуб иргэдтэй хамтран дугуйлан тогтмол ажиллуулж, давхардсан тоогоор 450 гаруй иргэн нийтийн биеийн тамираар хичээллэдэг болжээ. 


2024 онд өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг спортын 14 төрлөөр зохион байгуулж, 24 сумын давхардсан тоогоор 3000 гаруй тамирчин сурагч хамрагдсан. Шалгарсан тамирчдыг бүс, улс, олон улс, тив, дэлхийн тэмцээнүүдэд оролцуулж 41 алт, 29 мөнгө, 71 хүрэл нийт 141 медалийг тус аймгийн тамирчид хүртсэн байна.


Тухайлбал, Кипр улсад зохион байгуулсан өсвөр үеийн самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хөвгүүдийн 46 кг-ын жинд сурагч Б.Сайннямбуу хүрэл медаль, +98 кг-ын жинд Д.Нарантулга хүрэл медаль хүртжээ.


Казакстан улсын Актау хотод болсон самбо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний +98 кг-ын жинд Д.Нарантулга алтан медаль, 46 кг-ын жинд Б.Сайннямбуу хүрэл медаль, охидын 48 кг-ын жинд Д.Болор-Эрдэнэ хүрэл медаль, +78 кг-ын жинд А.Номинчимэг өсвөр үе, залуучуудын насны ангилалд хошой мөнгөн медалийг тус тус хүртсэн амжилт гаргажээ. Мөн багийн спортын төрлөөр U-16 насны ангилалд волейболын эрэгтэй баг тамирчид мөнгөн медаль хүртсэн амжилтуудыг үзүүллээ гэж Завхан аймгийн Биеийн тамир спортын газраас мэдээлэв. 

相关新闻