БАЯНХОНГОР: Газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй ч нүргэлэх дуу чимээ сонсогджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2024 оны арванхоёрдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Галуут сумын Хайрхан багийн Өхөгийн рашаан гэдэг газар энэ сарын 22-ны өдрийн 10:36:37 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөв.
Тухайн газар нь Улаанбаатар хотоос 720 км, аймгийн төвөөс баруун хойд зүгт 120 км зайтай бөгөөд аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Галуут сумын ЗДТГ-аас тодруулахад, иргэдэд нүргэлэх дуу чимээ сонсогдсон, чичирхийлэл мэдрэгдээгүй тухай мэдээлэв.
ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн мэдээллээр газар зүйн байршил өргөрөг, уртрагийн 46.71 100.63 бөгөөд газар хөдлөлтийн төвөөс ойр орших аймаг сумдын тухайд Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын төвөөс баруун хойд зүгт 35 км, Баянхонгор аймгийн Галуут сумын төвөөс зүүн зүгт 36 км, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын төвөөс хойд зүгт 48 км-т байна.
Баянхонгор аймгийн нутаг дэвсгэр нь газар хөдлөлтийн идэвхжилт өндөр бүсэд багтдаг. Одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа "Газар хөдлөлтийн бүс нутагт барилга төлөвлөх, барилгын норм ба дүрэм"-д
Баянхонгор аймгийн Баянлиг, Баянговь, Баян-Өндөр, Баянцагаан, Заг, Жаргалант сумын нутаг дэвсгэр газар хөдлөлтийн 9 баллын бүсэд,
Баянхонгор, Өлзийт, Богд, Шинэжинст, Баян-Овоо, Бөмбөгөр, Баянбулаг, Гурванбулаг, Эрдэнэцогт сумын нутаг дэвсгэр 8 баллын бүсэд,
Баацагаан, Галуут, Жинст, Бууцагаан, Хүрээмарал сум 7 баллын бүсэд хамаарна гэж нормчлон тогтоосон байдаг байна.
Дэлхийн гүн дэх чулуулаг агшилт, суналтад орох үед үүссэн энерги, тухайн чулуулаг тасарч эвдрэх үед хагарлын хавтгайн дагуу чөлөөлөгдөх үзэгдэлтэй холбоотойгоор газар хөдлөлт үүсдэг. Магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг байна. Газар хөдлөлтийн баллын хэмжээ 3-4 байвал хүнд мэдрэгдэх боломжтой, 6 баллаас хэтэрвэл барилга байгууламжид эвдрэл үүсэх магадлалтай, 10-аас хэтэрвэл барилга байгууламж нурах аюултай.