БАЯНХОНГОР: Амбулаторийн барилгыг энэ онд ашиглалтад оруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-12-18 17:15:26

Баянхонгор, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн шинэ барилгад улсын комисс ажиллаж, ашиглалтад хүлээн авлаа. Хуучин хоёр давхар барилгыг шинэчлэх ажил улсын төсвийн 9.5 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 2020 онд эхэлж байсан бол энэ онд ийнхүү ашиглалтад ороход бэлэн болоод байна.


Амбулаторийн шинэ барилга орчин үеийн стандарт шаардлагад нийцсэн төлөвлөлт, шийдэлтэй бөгөөд В1 давхартайгаа нийлээд дөрвөн давхар төмөр карказан хийцтэй. 


24х36 харьцаа бүхий 3400 м.кв талбайтай, 117 өрөөтэй, хүлээн авах, хоолны заал, сургалтын танхим, ажилчдын өрөө, рентген, дурангийн тасаг, хүн зөөврийн болон ачаа зөөврийн хоёр лифттэйн зэрэгцээ дотор гадна хөдөлгөөнийг хянах 40 камерыг гүйцэтгэгч компаниас суурилуулжээ.


Жил ирэх тусам өсөн нэмэгдэж буй хүн амын хэрэгцээ, тэдэнд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, эмнэлгийн эмч, ажилтнуудын ажиллах орчныг сайжруулахаар хэрэгжүүлсэн дээрх томоохон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын үр дүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд олон эерэг өөрчлөлт гарна гэж тооцоолж байна.


Сонирхуулахад, Баянхонгор аймаг ирэх оныг Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах жил болгож, иргэдэд хүртээмжтэй олон ажлыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

相关新闻