БАЯНХОНГОР: Спортын салбарын шилдгүүдийг тодрууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2024 оны арванхоёрдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. 2024 оны байдлаар Баянхонгор аймгийн БТСГ-ын дэргэд 13 спортын төрлөөр дугуйлан хичээллэн 2000 гаруй хүүхэд тогтмол хичээллэж байгаа бол “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд Баянхонгор аймгийн 34 байгууллагын 17670 албан хаагч нийтийн биеийн тамираар идэвхтэй хичээллэжээ.
Энэ оны спортын салбарын шилдэг баг тамирчид, дасгалжуулагч, холбоодод шагнал гардуулах үйл ажиллагаа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөн, "Илүүдэл жингүй эртэч монгол", "Цаг гаргая", "Эрүүл иргэн-Хонгорын баялаг" нийтийн биеийн тамирын үйл ажиллагааны 2024 оны хаалтыг Спорт цогцолборт зохион байгууллаа.
Үйл ажиллагааг нээж аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан хэлсэн үгэндээ, “Спортыг дэмжигч аймаг болох үндсэн зорилтыг хөрсөн дээрээ бодитоор хэрэгжүүлж ирсэн үе үеийн багш дасгалжуулагч, тамирчид, спортод дуртай хонгорынхонд талархал илэрхийлье. Хамтдаа улам хичээж, илүү их амжилтыг гаргацгаая" гэж онцолсон. Мөн олон төрлийн спортоор хичээллэх боломж нөхцөлийг зөвхөн аймгийн төв гэлтгүй хөдөө орон нутагт жигд бүрдүүлж, бүх суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 600 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий спортын хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмжийг олгож буйгаа дуулгасан юм.

Түүнээс гадна боксын спортоор олон тэмцээн уралдаанд тогтмол амжилттай оролцож, Хонгор нутгийнхаа нэрийг улс бүсдээ гаргаж буй Гэрэлмөнхийн Энхгэрэл Монгол Улсын спортын мастер цол хүртсэнийг аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан гардуулав.