СҮХБААТАР: Гурван долоо хоногт 3000 гаруй иргэнд соёлын үйлчилгээ үзүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-11-27 11:30:40

Баруун-Урт, 2024 оны арваннэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Соёлын бүтээлч сар аяны эхний гурван долоо хоногт Түмэнцогт сумын Соёлын төв 3000 гаруй иргэнд 31 төрлийн урлаг, соёлын үйлчилгээг үзүүлжээ.


Тодруулбал, нутгийн залууд туслах зорилгоор 40 гаруй ардын авьяастныг оролцуулсан “Түмэн сэтгэл” хандивын  тоглолтыг хийж, 500 хүнд хүргэжээ. Мөн ССАЖЗЯ-ны дэмжлэгээр Солонго хүүхэлдэйн театрынхан уран бүтээлээ орон нутгийн тайзнаа тоглож, 675 хүүхдэд театрын урлагийн боловсрол олгосон нь онцлох ажлын нэг болсон байна. ЕБС-ийн бага ангийн бүх сурагчид, цэцэрлэгийн хүүхдүүдийг музейтэй танилцуулан, орон нутгийн түүх, онцлогийн тухай мэдлэг олгожээ.


Аяны нээлтээ бүх насны иргэдээ идэвхжүүлэх нөлөөллийн ажлаар эхлүүлсэн байна. Өөрөөр хэлбэл орон нутагт бүтэн сарын турш ямар ямар үйл ажиллагаа болох, хэнд зориулсан, үр дүн, ач холбогдол нь юу болохыг нас насныханд маш сайн ойлгуулж чаджээ. Ингэснээр иргэдийн хандлага, идэвх оролцоо өмнөх жилүүдээс илүү сайжирсан. Дан ганц урлаг уран бүтээл биш музейн боловсрол олгох, номын сангийн үйлчилгээгээ илүү эрчимжүүлэх, уулзалт, үзэсгэлэн, уралдаан тэмцээн явуулах гээд олон төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа нь иргэд, үзэгчдэд илүү сонирхолтой байж, тэр хэрээр хүмүүс өргөн хамрагдаж байна. Зохион байгуулж буй ажил болгоныхоо ард давхар соёлын боловсрол олгохыг зорьж байгаа нь мөн давуу талтай гэж Соёлын төвийн дарга Б.Анхзул ярилаа.


Энэ оны эхний 10 сарын байдлаар тус соёлын төв 16 мянган иргэнд үйлчилсэн байна

相关新闻