БАЯНХОНГОР: Иргэний андгай өргөх ёслол зохион байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2024 оны арваннэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Монгол Улс анхдугаар үндсэн хуулиа баталж, ️Бүгд Найрамдах Улсаа тунхагласан түүхт 100 жилийн ойн баярын өдөр маргааш тохионо. Эл өдрийг тохиолдуулан нийт 16 настнуудын төлөөллийг оролцуулан "Иргэний андгай өргөх ёслол"-ыг Монгол Улсын Ерөнхий Сайдын ивээл дор 22 дахь жилдээ зохион байгуулна.
Залуу үеийнхэнд эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх, төр улсаа эрхэмлэн дээдлэх, эх орон ард түмнийхээ өмнө хүлээх хариуцлагаа ухамсарлан чин шударгаар амьдрах, түүх соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх зорилгоор жил бүр 16 нас хүрсэн сурагчдаар иргэний андгай өргүүлж, иргэний үнэмлэх гардуулан өгдөг. Тус үйл ажиллагааг аймгийн ЗДТГ-ын Залуучуудын хөгжлийн төв, Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Боловсролын газар, Баянхонгор аймаг дахь Монголын Залуучуудын холбоо, Номгон телевизтэй хамтран зохион байгуулах юм.
16 нас хүрсэн залуус нийгмийн өмнө үүрэг хүлээж, эх орны хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулж, чин шударга иргэн байх үүргээ ёс төртэйгөөр биелүүлэхээ андгайлан тангаргалдаг.
Монгол улсын Иргэний андгай
Төрт ёс эртний их түүх соёлтой
Тусгаар тогтносон Монгол улсын иргэн-Би
Хүчирхэг төрийнхөө дор, хуулийг чандлан сахиж
Эв нэгдэл, эрх чөлөөг дээдлэн
Эх орон, тусгаар тогтнолоо, амилан хайрлаж
Хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийн төлөө
Эрдэм боловсролтой хүнлэг, энэрэнгүй, журамт иргэн байхаа
Эх орон эрэлхэг дээдсийн удам, ард түмэндээ андгайлж байна.