Ойрх Дорнод, Украинд энх тайван тогтоохыг G20 уриалжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
РИО-ДЕ-ЖАНЕЙРО, 2024 оны арваннэгдүгээр сарын 20 /VOA/. “Хорийн бүлэг”-ийн (G20) орнуудын удирдагчид дайны хөлд нэрвэгдээд байгаа Газын зурваст үзүүлэх тусламжийн хэмжээг нэмэгдүүлэхийг, мөн Ойрх Дорнод болон Украинд явуулж буй байлдааны ажиллагааг зогсоохыг уриаллаа. Гэхдээ эдгээр зорилгод хэрхэн хүрэх талаар дурдаагүй байна.
Хамтарсан мэдэгдлийг тус бүлгийн бүх гишүүн орон баталсан боловч бүрэн санал нэгдсэнгүй. Түүнчлэн дэлхийн улс орнуудын тэрбумтнуудад татвар ногдуулах, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн бүрэлдэхүүнийг өргөтгөхийг уриалжээ.
Бразилын Ерөнхийлөгч Луис Инасиу Лула да Силва АНУ-ын Ерөнхийлөгчөөр Дональд Трамп сонгогдож, Ойрх Дорнод болон Украин дахь дайнтай холбоотой тодорхойгүй байдал үүсээд байгаа энэ үед оролцогчдыг тохиролцоонд хүргэхийн тулд ятгаж чадна гэдэгт шинжээчид эргэлзэж байв. Гурван өдрийн дээд хэмжээний уулзалт лхагва гарагт албан ёсоор өндөрлөнө.
Аргентин улс уг баримт бичгийн төслүүд дэх зарим үг хэллэгийн талаар санал зөрөлдөж, улмаар баримт бичгийг бүрэн эхээр нь батлаагүй цорын ганц улс болжээ.
"Газын зурвас дахь хүмүүнлэгийн гамшигт байдал, Ливан дахь хурцадмал байдлын талаар" мэдэгдэлд дурдаж, хүмүүнлэгийн тусламжийг өргөжүүлэх зайлшгүй шаардлагатай байгааг онцлон тэмдэглэжээ. "Палестинчуудын бие даан оршин тогтнох эрхийг дахин бататгахын зэрэгцээ бид Израил, Палестин улсууд энх тайвнаар зэрэгцэн орших шийдлийг олох амлалтаа дахин нотолж байна” гэж мэдэгдэлд дурдсан байна.
Баримт бичигт ХАМАС бүлэглэлийн барьцаанд байгаа Израилын 100 орчим иргэний талаар дурдаагүй байна. Израил улс “G20”-ийн гишүүн биш юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден хамтарсан мэдэгдлийг батлахын өмнө “G20”-ийн удирдагчидтай уулзахдаа дайн эхэлсний цорын ганц буруутан нь ХАМАС бүлэглэл гэж үзэж байгаагаа илэрхийлээд, гал зогсоох тухай гэрээг хүлээн зөвшөөрүүлэхийн тулд тус бүлэглэлд үзүүлэх шахалтаа нэмэгдүүлэхийг уриалжээ.
Дээд хэмжээний уулзалтын үеэр мөн Америкийн алсын тусгалтай зэвсгээр Оросын нутгийн гүнд цохилт өгөхийг Ж.Байден Украин улсад зөвшөөрсөн тухай мэдээ гарсан билээ. “АНУ Украины бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг тууштай дэмжиж байна. Миний бодлоор энэ ширээний ард сууж байгаа бүх хүн дэмжих ёстой" гэж Ж.Байден дээд хэмжээний уулзалтын үеэр мэдэгджээ.
Оросын Ерөнхийлөгч Владимир Путин уг уулзалтад оролцоогүй бөгөөд өөрийнхөө оронд Гадаад хэргийн сайд Сергей Лавровыг илгээжээ. “G20”-ийн хамтарсан мэдэгдэлд Украин дахь дайны хөлд нэрвэгдсэн хүмүүсийн талаар дурдаж, энх тайван тогтоохыг уриалсан боловч дайныг өдүүлсэн Оросын талаар дурдаагүй байна.
Түүнчлэн улс орнуудын тэрбумтнуудад татвар ногдуулахыг уриалжээ. Эл санаачилгыг Бразилын Ерөнхийлөгч дэмжиж байгаа юм. Ийм татварыг дэлхий даяар 3 мянга орчим хүн, тэдгээрийн дотор Латин Америкийн орнуудын 100 орчим тэрбумтан төлж магадгүй байна.
Хэдийгээр Аргентин улс эсэргүүцсэн боловч энэ заалтыг хамтарсан мэдэгдэлд оруулжээ. Тус улс мэдэгдэлд гарын үсэг зурсан боловч 2030 он хүртэлх хугацаанд хэрэгжүүлэх НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн талаар дурдсантай санал нийлээгүй байна. Аргентины барууны үзэлт Ерөнхийлөгч Хавьер Милей энэ хөтөлбөрийг "социалист шинж чанартай бөгөөд үндэстнүүдийг хянах гэсэн хөтөлбөр" гэж мэдэгджээ.