БАЯНХОНГОР: 11 настай 1979 хүүхдийг дархлаажуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2024 оны арваннэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн хэмжээнд Хүний папиллома вирус (ХПВ)-ийн эсрэг дархлаажуулалтад 11 настай 1979 хүүхэд хамруулна. Дархлаажуулалт 11 дүгээр сарын 25-наас орон даяар эхлэх юм.
Хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакцин нэвтрүүлэх бэлтгэл ажлын хүрээнд эрүүл мэнд, боловсролын салбарын ажилтнуудыг нэгдсэн мэдээллээр хангах, мэдлэг олгох сургалтыг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн дархлаажуулалтын алба, Хавдар судлалын үндэсний төв хамтран зохион байгуулсан. Тус сургалтад аймгийн хэмжээний ерөнхий боловсролын 31 сургуулийн захирал, эмч, Нэгдсэн эмнэлэг, анхан шатны эрүүл мэндийн 24 нэгжийн дарга, вакцинатор зэрэг 120 хүнийг хамруулжээ.
Хүний папиллома вирус нь эрэгтэй, эмэгтэй хүмүүст хэд хэдэн төрлийн хорт хавдар үүсгэдэг бөгөөд ялангуяа эмэгтэйчүүдэд умайн хүзүүний хорт хавдрын гол шалтгаан болдог байна.
Монгол Улсад уг вирусын халдварын тархалт өндөр байгааг судалгааны дүн харуулсаар байна. Тухайлбал, Зүүн өмнөд Азийн орнуудад 100 мянган хүн амд умайн хүзүүний хорт хавдрын өвчлөлийн түвшин 10.9, нас баралтын түвшин 4.1 байгаа бол манай улсад өвчлөл 100 мянган хүн амд 23.5, нас баралт 10.2 байгаа ба бүс дотроо өвчний дарамт хамгийн өндөртэй орнуудын тоонд орж байна.
Ийнхүү энэ оноос эхлэн заавал хийх дархлаажуулалтын үндэсний товлолын дагуу 11 настай охид, хөвгүүдийг хүний папиллома вирусний халдварын эсрэг вакцинаар дархлаажуулж эхэлж байгаа юм.