ТӨВ: Тэхийн дүрсийг сийлсэн мэлхий чулуу

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-11-01 09:43:10

Зуунмод, 2024 оны арваннэгдүгээр сарын 31 /МОНЦАМЭ/. НТ VI-VIII зуун Түрэгийн үед хамаарах мэлхий чулууг 1982 онд Төв аймгийн музейн үзмэрээр бүртгэжээ.


Үзмэрийг Төв аймгийн музейн эрхлэгч асан Г.Эрдэнэбат, ажилтан С.Бямбасүрэн нар Өнжүүл сумын Улхын булангаас авч ирж байв.


С.Чулуун, М.В.Медведева нарын эмхэтгэсэн “Монгол орон монголчууд III” номд дурдсанаар, Оросын эрдэмтэн Г.И.Боровкагийн удирдсан шинжилгээний анги 1925 оны 8 дугаар сарын 19-нөөс 10 дугаар сар хүртэл 2 сар орчим хугацаанд Туулын гол уруудан 400 км явж, хөшөө чулуу ба булшийг олж малтах хайгуул судалгааг хийсэн байна.


Г.И.Боровка Туулын хөндийд ажилласан хээрийн судалгааныхаа туршид нийт 92 булш бунхан тэмдэглэн бүртгэж, олон тооны дурсгалын гэрэл зураг болон гар зургийг үйлдэн, дөрвөн газар жижиг малтлага хийж, тайлангаа 1927 онд тусгай ном болгон хэвлүүлж байв.


Тус номд тэхийн дүрсийг сийлсэн мэлхий чулууг “Цэлмэг өдрийн тэмдэглэл №52” хэмээн тэмдэглэсэн байдаг байна.


Мэлхий нь газрын сөрөг энергийг сорсноор тус газарт эерэг энерги буй болдог гэх бөгөөд тохиолдож болох гай тотгорыг өөртөө үүрэх, өвчнийг өөртөө авдаг, эзэндээ сайн чанаруудаа харамгүй өгдөг, мөн гадуураа хатуу хуягтай тул гадны халдлага дайралтаас хамгаалах, урт насалдаг учир удаан оршин тогтнохыг бэлгэддэг гэх зэрэг утгаар мэлхийнүүдийг байрлуулдаг байжээ.


Эх сурвалж:

С.Чулуун, М.В.Медведева нарын эмхэтгэсэн “Монгол орон Монголчууд III” 2017

Төв аймгийн музейн Ерөнхий бүртгэлийн дэвтэр

 

Гэрэл зургийг: Г.И.Боровка 1925он. Э.Оюун 2021.08.26

 


 

相关新闻