ХӨВСГӨЛ: Яргуй наадамд оролцсон хүүхдүүд зургаан ястны дуу хуур, өв соёлыг сурталчиллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2024 оны аравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт Хүүхдийн хөгжил, хамгааллыг дэмжих нэрлэсэн жилийн хүрээнд “Яргуй наадам-2024” урлагийн наадмыг зохион байгууллаа.
Энэ жил Хөвсгөл нутгийн 6 ястны дуу хуур, бүжиг, ардын урлагийн дахин давтагдашгүй өв соёлыг хойч үедээ өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх, хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон дууны уран бүтээлийг олон нийтэд сурталчлан таниулах онцлогтой боллоо.
Яргуй наадамд 29 сургуулийн 1000 гаруй сурагч оролцож хоймор нутгийн 6 ястны дуу хуур, бүжиг наадмаас суралцан олон нийтэд сурталчиллаа.
Тодруулбал, сурагчид дархад, урианхай, буриад, хотгойд дуу, бөөгийн бүжиг зэрэг үзүүлбэрийг өв соёл, ёс заншлыг нь судалж сурсан гэдгийг онцлов.
Урлагийн наадамд Мөрөн сумын Дэлгэрмөрөн,
Титэм, Чандмань-Өндөр, Улаан-Уул сумын ерөнхий
боловсролын сургуулиуд шилдгээр шалгарч цомын эзэд боллоо.