БАЯНХОНГОР: Өсвөрийн барилдаанд Соого сейко сургуулийнхан аварга боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-10-29 16:57:38

Баянхонгор, 2024 оны аравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн бөхийн Хонгор нутаг дэвжээ, аймгийн Үндэсний бөхийн холбоо хамтран "Найзууд алтан цом"-ын барилдааныг Баянхонгор суманд зохион байгууллаа.

Өсвөрийн үндэсний бөхийн халз барилдаанд 2008-2014 онд төрсөн долоон тамирчин баг болон тойргийн журмаар барилдсан бөгөөд 30 гаруй багийн 300 орчим бөх оролцов. Гурав дахь удаагаа болж буй тус барилдаанд анхны алтан цомыг Баянхонгор аймгийн Баянлиг сумын “Эрдмийн ундраа” дунд сургууль өргөсөн бол удаах тэмцээнд Баянхонгор аймгийн Номун далай цогцолбор сургууль аваргалж байв.


Энэ удаад Соого сейко сургуулийн нэгдүгээр баг нэг ч ялалдалгүйгээр 21 тойрог барилдаж аваргын алтан цомын эзэн багаар шалгарлаа. Дэд байрыг "Номун далай" цогцолбор сургууль, гуравдугаар байрыг Шинэжинст сумын сургуулийн баг эзэлж, дөрөвдүгээр байрт Эрдэм 4 дүгээр арван жил сургуулийн баг тамирчид оров.

Орон нутагт хагас жил тутамд хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй, өндөр бай шагналтай тэмцээнийг өнгөрсөн жилээс тогтмолжуулсан. Хүүхдүүд тогтмол барилдаанд илүү өргөнөөр оролцож, барилдах сонирхол дээшилж, бэлтгэл сургуулийн идэвх оролцоо, бөхчүүдийн чанар чансаа дээшилж байгааг Хонгор нутаг бөхийн дэвжээнийхэн онцолж байв. Мөн энэхүү тэмцээнээс ирээдүйд аймаг орон нутгийнхаа нэрийг гаргах олон сайхан бөхчүүд олноор төрөн гарахын эхлэл болно гэдгийг хэлж байлаа.

相关新闻