ТӨВ: Үрийн шинэчлэл хийснээр нэгж талбайгаас авах ургац нэмэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2024 оны аравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Үрийн шинэчлэлийн бодлого хэрэгжүүлснээр аймгийн хэмээнд нэгж талбайгаас авах ургацын хэмжээ нэмэгджээ. Тухайлбал, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад төмсний ургац 64.8 мянган тонноор нэмэгдэж, нэгж талбайгаас авах аймгийн дундаж ургац 143 центнерт хүрч өмнөх оноос 52 центнерээр нэмэгдсэн байна.
Энэ нь Төв аймаг "Шинэ хөдөө төсөл"-ийн хүрээнд улсын төсвийн 300 сая төгрөг, орон нутгийн төсвийн 277.8 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар төмсний үрийн шинэчлэл хийсний үр дүн юм.
Үр шинэчлэлээр нэн эртийн 2, дунд эртийн 1, дунд оройн 1 сортын нийт 151.3 тонн төмсний элит үр, дотоодын 1 дүгээр репродукцийн 100 тонн үрийг тариаланчдад олгосон юм.
Монгол орны хөрс цаг уурын нөхцөлд дасан зохицсон ургамлын сортын чанартай үрээр тариалахад газар тариалангийн үйлдвэрлэл тогтворжиж, ургацын түвшин 20-35 хувиар дээшлэх боломжтой.