ДОРНОД: Томуу, томуу төст өвчин нийт үзлэгийн 5.7 хувийг эзэлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2024 оны аравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд 42-р долоо хоногийн байдлаар амбулаториор 10200 гаруй хүн үйлчлүүлснээс 5.7 хувь нь томуу, томуу төст өвчний шинж тэмдэгтэй байсан гэж БОЭТ-өөс мэдээлэв. Энэ нь өмнөх 7 хоногоос 0.1 хувиар буурч, өнгөрсөн оны мөн үеэс 0.7 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Томуу, томуу төст өвчний тархалт идэвхжилтийн түвшинд байгаа бөгөөд дархлаажуулалтад 5500 иргэн хамрагдаад байна.
Түүнчлэн зорилтот бүлгийн 5 хүртэлх насны 2000 хүүхдийг томуугийн дархлаажуулалтад хамруулахаар ажиллаж байна гэв. Дорнод аймаг энэ ажлыг 2010 оноос эхлэн тогтмол хийж байгаа. Энэ удаагийн вакциныг 11-р сарын 14-нд хүлээн авахаар төлөвлөн ажиллаж байна.
Бага насны хүүхдийг дархлаажуулалтын вакцинд хамруулах нь
томуугийн А,В хүрээний вирусээр өвчлөхөөс 95 хувь хамгаалж, хатгаа, астам,
бронхит болж хүндрэхээс урьдчилан сэргийлдэг.