БАЯН-ӨЛГИЙ: Аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан 56.9 хувийн ирцтэйгээр эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-10-28 15:44:21

Өлгий, 2024 оны аравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Сонгуулийн хорооноос тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг өнөөдөр 09.00 цагаас зарлан хуралдуулахаар зарласан.


Анхдугаар хуралдаанд Ардилсан намаас сонгогдсон 23, Монгол ардын намаас сонгогдсон 18, нийт 41 төлөөлөгч оролцох ёстой байсан. Гэвч 14.30 цаг хүртэл МАН-аас сонгогдсон 18 төлөөлөгч хурлын танхимд орж ирээгүй бөгөөд шалтгаанаа тайлбарлаагүй байна.


Аймгийн Сонгуулийн хорооны дарга А.Серикболат, "МАН-ын бүлэгт тодорхой хугацаа заасан албан бичиг илгээсэн. Хэд хэдэн удаа утасаар мэдэгдсэн. Хариу өгөөгүй байна. Аймгийн Сонгуулийн хороо ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон тухай шийдвэрийг аймгийн ИТХ-д энэ сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн. Аймгийн ИТХ дахь олонхийн бүлэг хуралдаанаа эхлүүлэх эрхтэй" гэж мэдэгдэв.


Хуулиар аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдааныг хуралдаанд хүрэлцэн ирсэн насаар хамгийн ахмад төлөөлөгч даргална гэж заасан. Тус зохицуулалтын дагуу хамгийн ахмад төлөөлөгч Х.Батырбек аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдааныг даргалж, 56.9 хувийн ирцтэйгээр хуралдаж эхэллээ.


Төлөөлөгчид яг одоо хэлэлцэх асуудлын дарааллын дагуу сонгуулийн дүнгийн талаар мэдээлэл сонсож байна. Мэдээллийг аймгийн Сонгуулийн хорооны дарга А.Серикболат танилцуулж байна. 

相关新闻