БАЯНХОНГОР: Шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүнээр хангалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2024 оны аравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Аймгийн 16 дугаар цэцэрлэг, "Энхбүрд" ӨЭМТ-д тусгай хэрэгцээтэй хүүхдийг дэмжих тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүнийг хүлээлгэн өглөө.
Хүүхдийг ивээх сан Япон улсын Гадаад хэргийн яамны санхүүжилтээр Баянхонгор аймагт хэрэгжиж буй “Тэгш хүртээмжтэй, цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих нь” буцалтгүй тусламжийн төсөл нь сургуулийн өмнөх бага насны хүүхдүүдийн хөгжлийн бэрхшээлийг эрт үед нь илрүүлэх, эрт оролцоог хангахад эрүүл мэндийн төв болон цэцэрлэгийн ахуй орчныг сайжруулж, хүний нөөцийг чадавхжуулах ажлыг хэрэгжүүлж буй.
Тус төслөөс өрхийн эрүүл мэндийн төв болон цэцэрлэгийн ахуй орчныг сайжруулах зорилгоор аймгийн 16-р цэцэрлэгт тусгай хэрэгцээтэй хүүхдийг дэмжих цэцэрлэгийн дэд бүтцийн засварын ажлыг хийж 5 ангийн ариун цэврийн өрөөнд зориулалтын угаалтуур, суултуур туслах тоноглолын хамт суулгах, коридорын хананд туслах бариулыг хийж гүйцэтгэжээ.
Мөн Энхбүрд өрхийн эрүүл мэндийн төвд нярай болон балчир насны хүүхдийн эрүүл мэндийн үзлэгт шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүн, тусгай хэрэгцээтэй иргэдэд зориулсан ариун цэврийн өрөө, туслах хэрэгслийн засварын ажлыг хийсэн байна.
Төслийн удирдлагын багийн гишүүдийн төлөөлөл тус цэцэрлэгт байгуулж буй “Хүүхэд хөгжлийн танхим”-д зориулан сургалтын хэрэглэгдэхүүн, тавилга, тоног төхөөрөмж, хүүхдийн хэл яриа, танин мэдэхүйг хөгжүүлэх ном, багц тоглоомыг, “Энхбүрд” өрхийн эрүүл мэндийн төвд хүүхдийн жин хэмжигч, хараа шалгах төхөөрөмж, анхны тусламжийн иж бүрдэл, үзлэгийн үед хэрэглэх тоглоом гэх мэт хүүхдийн үзлэгт нэн шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүнийг хүлээлгэн өглөө.