Улаанбаатар хотын 331 худаг ухаалаг системтэй болж, 24 цагаар үйлчилнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, /МОНЦАМЭ/. Нийслэлийн зургаан дүүрэгт төвлөрсөн шугамд холбогдсон 328 ус түгээгүүр байдаг.
Үүнээс 151-ийг нь 2016-2022 онд автоматжуулсан. Тэгвэл 2022 оны нэгдүгээр сараас АНУ-ын Мянганы сорилтын сангийн санхүүжилтээр үндсэн 180 ус түгээгүүрийг автоматжуулах, тоног төхөөрөмж суурилуулах ажлыг эхлүүлсэн бөгөөд уг ажил өнөөдрийн байдлаар 90 хувийн гүйцэтгэлтэй байна. Энэ ажил дуусахад Улаанбаатар хотын хэмжээнд нийт 331 ус түгээгүүр ухаалаг, 24 цагийн үйлчилгээнд шилжих юм.
Тэгвэл өвлийн улиралд иргэд ухаалаг ус түгээгүүрийн тоног төхөөрөмжийг цохиж гэмтээх, эвдэх явдал цөөнгүй гарч байгааг УСУГ-аас анхаарууллаа. Нийт ухаалаг ус түгээгүүрийг УСУГ-ын Хяналт, удирдлагын төвөөс бүрэн хянах боломжтой. Мөн ус түгээгүүрийн орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор бүрэн камержуулжээ. Харин усыг зөөврийн автомашинаар түгээдэг нийт 380 орчим худаг бий. Эдгээрийг ирэх оноос автоматжуулахаар төлөвлөж байгаа аж.
Ташрамд дурдахад, усны картыг цэнэглэх олон төрлийн сонголттой, хэрэглэгчид зориулсан аппликейшн гарах гэж байгааг албаныхан онцоллоо.