Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар 522 сонгогч саналаа өгнө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬСонгуулийн хуулийн дагуу өнөө өглөө 09 цагаас зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авч эхэллээ. Дундговь аймагт зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналаа өгөх 522 сонгогч байна.
Эрүүл мэндийн байдлаас шалтгаалан санал авах байранд хүрэлцэн ирж чадахгүй, дайчилгааны тухай хуулийн дагуу нийтийн дайчилгаанд хамрагдан ажиллаж байгаа иргэд болон захиргааны зөрчлийн улмаас баривчлагдсан, албадан саатуулагдаж, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, цагдан хоригдсон иргэд битүүмжилсэн хайрцгаар саналаа өгнө. Мөн сонгуулийн санал авах ажиллагааг зохион байгуулж байгаа сонгуулийн хэсгийн хорооны ажилтан, цагдаа, иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэдээллийн технологийн даамлууд өнөөдөр саналаа өгөх юм.
Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх хамгийн олон буюу 144 сонгогч Эрдэнэдалай суманд байгаа бол аймгийн төвд 52 иргэн байна.
Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах хугацаа өнөө орой 20 цаг хүртэл үргэлжилнэ.
Т. Отгонтуяа