Нийслэлийн 385 жилийн ойд зориулан эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Монгол Улсын нийслэлийн 385 жил, нийслэл Хүрээг “Улаанбаатар хот” хэмээн нэрийдсэний 100 жилд зориулсан эрдэм шинжилгээний хурал Чингис хаан Үндэсний музейд боллоо.
Хурлаар хотын өөрөө удирдах ёсны байгууллага, хотын захиргааг байгуулсан түүх, хотын анхны хороод, жинхэнэ харьяат иргэд, 1921-1930-аад онд нийслэлийн нийгэм, эдийн засаг, соёлд гарсан өөрчлөлт шинэчлэлтийн тухай илтгэлийг хэлэлцүүлэв. “Нийслэл дэх нутгийн өөрөө удирдах байгууллагын түүхэн хөгжил” сэдвээр НИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Батбямба илтгэл танилцуулав. Тэрбээр “1924 онд хуралдсан БНМАУ-ын АИХ-аас баталсан Үндсэн хуульд Гүйцэтгэх захиргааны бүтцээс ИТХ, Засаг дарга гэсэн хоёр субьект бий болсон. 1949 онд хотын 200 хүн тутмаас нэг төлөөлөгч, сум хороонд 30 хүн тутмаас нэг төлөөлөгч, баг хороонд сонгуулийн эрх бүхий хүмүүсээс бүрдэхээр хуульчилсан. БНМАУ-ын Үндсэн хуульд 1989 онд нэмэлт өөрчлөлт оруулснаар хотын АДХ дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга бүхий 13 хүний бүрэлдэхүүнтэй тэргүүлэгчидтэй болсон. Энэ үеэс Хурал хэмээх айл Гүйцэтгэх засаглалаас бие даан тусгаарлаж эхэлсэн”-ийг онцолсон юм.
Мөн үргэлжлүүлэн нийслэл хотын хурал, 1989 оноос анх удаа
бие даан хөгжих болсноос хойш 1992 онд баталсан шинэ Үндсэн хуулийн зарчмаар орон нутагт төрийн эрх барих
статустай байсан хурал иргэдээсээ сонгогдсоныг танилцуулав. Улмаар сонгогдсон
төлөөлөгчид иргэдэд ажлаа тайлагнадаг, нутгийн өөрөө удирдах байгууллага хяналт
тавьж, хотынхоо хөгжил, дэвшлийн бодлогыг тодорхойлох байгууллага болсныг тодотгож байв.
1992 оноос өдгөө 9 удаагийн хурал бүрэлдэж, бүрэн эрхээ
хэрэгжүүлэх хугацаандаа Үндсэн хуульд
хараат бус бие даасан байдал нь баталгаажиж, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг төлөвшүүлснийг НИТХ-ын ХМТ мэдээллээ.
Хуралдаанаар эрдэмтэн судлаачид Монгол Улсын Үндсэн хуульд
нийслэл хотыг тодорхойлсон, хотын захиргаа байгуулагдсан, нэршлийн хувьсан
өөрчлөлт, бүтээн байгуулалт, хүн амын бүтэц, анхны хороо, засаг захиргаа,
тогтмол хэвлэл, хүрээ соёл, хот тохижилтын талаар илтгэл танилцууллаа. Хуралд НИТХ-ын төлөөлөгчид, Ажлын
алба, ЗДТГ-ын удирдлагууд ШУА-ийн
Түүх, угсаатны зүйн хүрээлэн, МУИС,
МУБИС, ШУТИС, Чингис хааны өв, соёлын хүрээлэн,
Улаанбаатар хотын музей, Архивын ерөнхий газар, Нийслэлийн Архивын газрын
эрдэмтэн судлаачид оролцжээ.