БАЯНХОНГОР: Хангайн бүсэд тулгамдаж байгаа хүний эрхийн асуудлыг хэлэлцэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2024 оны аравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Х.Мөнхзулаар ахлуулсан ажлын баг хангайн бүс буюу Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймаг дахь хүний эрхийн асуудлаар энэ сарын 24, 25-нд Баянхонгор аймагт ажиллаж байна.
Энэ хүрээнд “Хүний эрхийн нээлттэй өдөр”-ийг зохион байгуулж, хэлэлцүүлэг өрнүүлэхийн зэрэгцээ хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгч, гомдол, мэдээлэл хүлээн авч байгаа юм. Мөн хүний эрхийг хамгаалах чиг үүрэг бүхий зарим байгууллагын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж байна.

Комиссын гишүүн Х.Мөнхзул, Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д.Ёндонжамц, Судалгаа дүн шинжилгээний хэлтсийн ахлах референт Ч.Ариунаа, Гомдол хяналт шалгалтын хэлтсийн дарга Д.Намжилсүрэн, Баянхонгор аймаг дахь референт Б.Содонцэцэг нар Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан, Засаг даргын Тамгын газрын дарга Д.Энхжаргал, Хууль эрх зүйн хэлтсийн дарга Д.Сарангарав, Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газрын хурандаа Б.Наранбаатартай уулзалт зохион байгуулав.
Уулзалтаар Баянхонгор аймгийн хүний эрхийн нөхцөл байдал, цаашид хүний эрхийг хангуулах чиглэлээр авч хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл солилцож, комиссоос тус аймагт хүргүүлсэн зөвлөмж, шаардлагын хэрэгжилтийг эрчимжүүлэх, бодит үр дүн гаргах, шинээр боловсруулах аймгийн Засаг даргын үйл ажиллгааны хөтөлбөрт хүний эрхийн тулгамдсан асуудлуудыг тусгаж хэрэгжүүлэх талаар санал, зөвлөмж өглөө.
Хүний эрхийг хангах үндэсний хорооны 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 03 дугаар тогтоол, Засгийн газрын 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаар “Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр-II”-ыг батлан хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ хүрээнд Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссоос санаачлан “Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр”-II”-ыг санаачлан боловсруулж, төсөлд санал авах хэлэлцүүлгийг Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн газар, Боловсролын газар, Гэр бүл, хүүхэд, хөгжил хамгааллын газар, Эрүүл мэндийн газар, Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газрын төлөөллийг оролцуулан зохион байгуулж байна.

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс нь 2001 онд байгуулагдсан цагаасаа эхлэн "Хүний эрхийн төлөө хамтдаа" нээлттэй өдөрлөгийг 21 аймаг, зарим алслагдсан сумдад зохион байгуулж ирсэн. Энэ хүрээнд 2024 оны 10, 11 дүгээр сард хангай, баруун, зүүн, говь, төв, хойд гэсэн зургаан бүсэд “Хүний эрхийн төлөө хамтдаа” өдөрлөг зохион байгуулах төлөвлөгөөт ажлыг ийнхүү эхлүүлээд байна.