Их наадмын 17 төрлийн тэмцээнийг Баянхонгорт зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-09-11 16:22:22

Баянхонгор, 2025 оны есдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Монголын бүх ард түмний зуны спортын 16 дугаар наадмын шигшээ тэмцээнд 21 аймаг, есөн дүүргээс шалгарсан шилдгийн шилдэг тамирчид энэ сарын 14-21-ний хооронд Улаанбаатар хот болон Баянхонгор аймагт спортын 28 төрлөөр авхаалж самбаа, ур чадвараа сорино. 


Тус наадмын зохион байгуулалтын талаар Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын улсын хорооны ТЗУХ-ын дарга О.Баттулга, ажлын хэсгийн ахлагч, Засаг даргын зөвлөх М.Мөнгөнцэцэг, аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга Б.Отгонбямба нар орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудад мэдээлэл өглөө. 


Наадамд спортын 28 төрөл, 163 жин зайд 3146 тамирчин, 204 дасгалжуулагч, 879 багц медалийн төлөө өрсөлдөх юм. Баянхонгор аймагт бадминтон, бокс, волейбол, жудо бөх, сагсан бөмбөг 5х5, спортын бүжиг, таеквондо, футзал, чөлөөт бөх, шатар, ширээний теннис, даам, самбо бөх, гимнастик, пауэрлифтинг, хүндийн өргөлт, дугуй зэрэг нийт спортын 17 төрлийн тэмцээнийг зохион байгуулахаар товложээ.


Биеийн тамир, спортоор хичээллэх, эрүүл чийрэг иргэнийг төлөвшүүлэх, тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, олимпын шигшээ багуудыг бүрдүүлэхэд чиглэсэн 4 жилд нэг удаа болдог Монголын бүх ард түмний зуны спортын наадмын бэлтгэл ажлыг Баянхонгор аймаг дахь төрийн байгууллага, түүний албан хаагчдын оролцоотойгоор 80 орчим хувьтай хангаад байгааг ажлыг багаас мэдээллээ.

相关新闻