ТӨВ: Төмсний ургац өмнөх оноос 43.9 мянган тонноор нэмэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2024 оны аравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Төв аймаг төмсний үрийн шинэчлэл хийсний үр дүнд төмсний ургац өмнөх оны мөн үеэс 43.9 мянган тонноор нэмэгдэв.
Өнөөдөр Төв аймаг “Ургацын баяр-2024” зохион байгуулж, үе үеийн тариаланч, ногоочид, механикжуулагчид, мэргэжилтнүүд, аж ахуйн нэгжүүддээ хүндэтгэл илэрхийллээ.
Тариаланчид энэ онд 150,0 мянган га талбайгаас 441 мянган тонн ургац хураан авч, өмнөх оноос 11.0 мянган га талбайд нэмэгдүүлэн тариалж, 610 тонн ургац илүү хурааж, нийт хураан авсан ургац болон төмс, таримал тэжээлийн үйлдвэрлэл нийт хураан авсан ургацаараа улсад сүүлийн 4 жил тэргүүлсэн амжилтыг үзүүлээд байна.
Газар тариалангийн үйлдвэрлэлийг дэмжих хүүгийн хөнгөлөлттэй зээлд газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч 172 иргэн, аж ахуйн нэгж хамрагдан, нийт 22.0 тэрбум төгрөгийн зээл авч үйлдвэрлэлээ өргөжүүлсэн байна.
Төмсний үр шинэчлэлд “Шинэ хөдөө төсөл”-ийн хүрээнд улсын төсвийн 300 сая.төгрөг хөрөнгө оруулсан бол орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 277.8 сая төгрөгийн санхүүжилт хийжээ. Ингэснээр өнгөрсөн онтой харьцуулахад төмсний ургац 43.9 мянгантонноор нэмэгдэж, нэгж талбайгаас авах аймгийн дундаж ургац 13.4 центнерт хүрч өмнөх оноос 4.8 центнерээр өссөн дүнтэй байна.