БАЯНХОНГОР: "Өдөр бүр нэг аяга сүү" хөтөлбөрийг Бууцагаан суманд хэрэгжүүлж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-10-22 11:16:19
Баянхонгор, 2024 оны аравдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад "Өдөр бүр нэг аяга сүү" зорилтот үйл ажиллагааг аймаг, дүүргүүд санаачлан хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Баянхонгор аймгийн Бууцагаан сумын ерөнхий боловсролын сургууль тус хөтөлбөрийг 1-12 дугаар ангидаа хэрэгжүүлж эхэллээ.
Хичээлийн жилийн эхнээс төлөвлөгөө, удирдамж гарган 1-5 дугаар ангид 7 хоногийн даваа, лхагва, баасан гарагт, 6-12 дугаар ангид мягмар, пүрэв гарагт эцэг эх, асран хамгаалагчийн дэмжлэгтэйгээр их завсарлагаа, үдийн цайны цагаар халуун сүүгээр үйлчилж сурагчдынхаа дархлааг дэмжиж байна.
Мөн 6 дугаар ангид суралцаж байгаа 68 суралцагчийг эцэг эх, асран хамгаалагчийн санаачилгаар "Өглөөний цай" хөтөлбөрт хамруулж эхэлжээ.

Өдөр бүр сүү ууснаар дархлааны системийг бэхжүүлж, цэрний ялгаралтыг багасгадаг. Нэг ёсондоо ханиад, төрөл бүрийн өвчнөөс сэргийлж, таныг эрүүл байлгах болно.
Сүү нь ясны бат бөх байдлыг хадгалах, ясны сийрэгжилт зэрэг өвчнөөс урьдчилан сэргийлэхэд зайлшгүй шаардлагатай кальци, Д амин дэмээр баялаг. Сүүнд агуулагдах уураг нь булчинг хөгжүүлэх, нөхөн сэргээхэд шаардлагатай амин дэм агуулдаг.
Cүүнд агуулагдах В2 амин дэм нь биеийг сэргээж, эрч хүчийг нэмэгдүүлдэг. Тиймдээ ч сүүг байгалийн гаралтай энергийн ундаа хэмээн нэрийдэх нь бий. Нэг аяга цөцгийтэй сүүнд 8.1 гр уураг агуулагдах бөгөөд энэ нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн өдөрт авах ёстой уургийг 15-17 хувийг бүрдүүлдэг.
Cүү хэрэглэх нь цатгалан мэдрэмжийг өгөхийн зэрэгцээ бага илчлэгээр чухал тэжээллэг бодисоор хангаж жингээ барихад хувь нэмэр оруулна.
Сүүнд агуулагдах А аминдэм нь эсийн өсөлт, нөхөн төлжилтийг дэмжин арьсыг эрүүлжүүлнэ.
相关新闻