ӨВӨРХАНГАЙ: Арвайхээр сумын Засаг даргаар Б.Ганбат улиран ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр, 2024 оны
аравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Арвайхээр сумын ИТХ-ын 9 дэх удаагийн
бүрэн эрхийн анхдугаар хуралдаанаар сумын удирдлагуудыг сонгож баталлаа.
Төлөөлөгчдийн 96.5 хувийн саналаар Ц.Төмөрбаатарыг сумын ИТХ-ын даргаар сонгов. Тэрбээр инженер мэргэжилтэй бөгөөд 2019-2020 онд Арвайхээр сумын ЗДТГ-ын дарга, 2023 оноос аймгийн Авто тээврийн төвийн даргаар ажиллаж байсан юм.
Хуралдаанаар Арвайхээр сумын Засаг даргад Б.Ганбатыг санал оруулж, төлөөлөгчид 100 хувийн саналаар дэмжин аймгийн Засаг даргад өргөн мэдүүлэхээр болов. Б.Ганбат нь 2004 оноос хойш сумын ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон бөгөөд 2020-2024 онд сумын Засаг даргаар ажиллаж байв. Тэрбээр албан тушаалдаа улиран томилогдож байна.
Төлөөлөгчдийн асуултад тэрбээр хариулахдаа, "Арвайхээр агаарын бохирдол, эрчим хүчний уналт, түгжрэлээрээ Улаанбаатарын дараа орж байна. Тиймээс төвлөрлийг багасгаж, Арвайхээрийн гурав дахь төлөвлөлтийг хийж, газар доорх хот байгуулах үйл явцад онцгой анхаарч ажиллана" гэв.