ХӨВСГӨЛ: Богтаг малгайг XIII зууны үеийн монгол хатад эдэлж хэрэглэж байжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2024 оны аравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Дэлхийн олон улс үндэстний хувцас хэрэглэл дотор “Монголынх” гэж танигдахаар өвөрмөц өмсгөл бол XIII зууны үеийн монгол хатдын өмсдөг байсан богтаг малгай юм.
Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын уугуул Гэрэлмэндийн Оюунгэрэл монгол үндэснийхээ өв соёлыг сурталчлан таниулах, түүх ёс заншлаа дээдлэн бахархах зорилгоор богтаг малгай, хатны хувцастай марафонд гүйж Гиннесийн амжилт тогтоосон юм.
Богтаг хэмээх үг нь “богтлох” гэдэг үгтэй шууд холбоотой бөгөөд хууль ёсоор богтолж авсан эхнэр хүний өмсөх малгайг нэрлэдэг гэж эрдэмтэн судлаачид үздэг байна.
Богтаг малгайны тухай Францын санваартан Виллиам де Рубрук монгол хатад богтаг малгайтай байх нь буу, зэвсэг агссан цэрэг эрс харагддаг тухай тэмдэглэсэн байдаг байна.
Богтаг малгайн дүр дүрслэл Богд хан уулын Их тэнгэрийн амны сүг зурагт бий. Бээжин дэх ордон музей, Тайвань үндэстний ордон музей зэрэгт хадгалагдаж буй дурсгалуудад тод үлдсэн байдаг байна.
Малгайн толгойд тавих хэсэг нь ардаа шилэвчтэй дугуйрсан тоорцог маягтай, түүний дээр голоос дээш тохой орчим өндөр хоолой бүхий хэсэгтэй, хоолойн дээд үзүүр хэсэгт өргөссөн дөрвөлжин маягийн оройг бэхэлдэг. Малгайн арын шилэвч нь дээлийн зах даран унждаг байна.
Богтаг малгайн хоолойны нүүрэн талд луу, суварга, галын дөл, уламжлалт хээ угалз мэт дүрсийг сувдаар нэг бол эрдэнийн чулуугаар чимэглэдэг.
Эртний монгол хатад ихэвчлэн богтаг малгай өмсдөг байжээ. Богтаг буюу бортгон малгай нь Чингис хааны эзэнт гүрний үед язгууртан монгол эмэгтэйчүүдийн хамгийн эрхэм нандин гоёл байжээ.
Малгай нь ихэвчлэн улаан өнгөтэй бөгөөд хоёр хэсгээс бүрддэг. Оройн хэсгийн их бие, доошлох тусам нарийсаж юүлүүр хэлбэртэй болж нүүрэн талыг нь уран гоё хатгамал, эрдэнийн чулуу, алтан бүрмэлээр гоёдог байжээ.