Мянган хүнд ногдох цэвэр өсөлт 8.7 хувь байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
erdenebat@montsame.mn
2024-10-16 11:47:37

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд 2024 оны эхний 9 сард 43 116 эх амаржиж, 43 428 хүүхэд төрүүлсэн нь 2023 оны мөн үеийнхээс амаржсан эхийн тоо 5 616  буюу 11.5 хувь, төрсөн хүүхдийн тоо 5 605-аар цөөрсөн байна. Мянган хүнд ногдох төрөлт 2023 оны мөн үетэй харьцуулахад 1.5-аар буурчээ.


Улаанбаатар хот болон Баян-Өлгий, Увс, Орхон, Говьсүмбэр, Ховд, Дархан-Уул аймагт 1000 хүнд ногдох төрөлт улсын дунджаас 0.2-3.8-аар илүү бусад аймагт 0.3-6.6-аар доогуур гарчээ. Тухайлбал, 1000 хүнд ногдох төрөлт Булган аймагт 5.9 буюу хамгийн бага байгаа нь улсын дунджаас 6.6-аар доогуур байгаа аж.


Энэ оны эхний 9 сарын байдлаар нас баралт 13 219 болж 2023 оны мөн үеийнхээс 298-аар нэмэгджээ. Мянган хүнд ногдох төрөлт 12.5 хувь, нас баралт 3.8 хувь, ердийн цэвэр өсөлт 8.7 хувь байна.


Улаанбаатар хот болон Төв, Говьсүмбэр, Хөвсгөл, Говь-Алтай, Дорноговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Булган, Архангай аймагт 1000 хүнд ногдох нас баралт улсын дунджаас 0.1-0.7-оор дээгүүр, Өвөрхангай, Увс аймагт улсын дундаж түвшинд, бусад аймагт 0.1-0.9-өөр доогуур байгаа аж. Улаанбаатар хот болон Баян-Өлгий, Ховд, Увс, Орхон, Дархан-Уул, Говьсүмбэр, Өмнөговь аймагт 1000 хүнд ногдох ердийн цэвэр өсөлт улсын дунджаас 0.2-4.4-өөр илүү, бусад аймагт 0.1-7.1-ээр бага байгаа аж.

 

相关新闻