МАН мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхгүй байна гэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын сонгуулиар олонхийн суудал авч, Засгийн газар бүрдүүлсэн МАН мөрийн хөтөлбөрийнхөө эсрэг ажиллаж байна хэмээн Иргэний нийгмийн байгууллагууд шүүмжлэв.
Иргэний нийгмийн байгууллагууд Засгийн газрын өнгөрсөн 100 өдрийн ажилд үнэлэлт, дүгнэлт өгсөн талаар өнөөдөр мэдээлсэн юм.
Монгол хүн Монгол хүндээ тусалъя ТББ-ын тэргүүн Ч.Мөнхбаяр “МАН сонгуульд оролцохдоо татвар нэмэхгүй, хүүхдийн мөнгө болон оюутны 70 мянган төгрөгийн тэтгэлгийг хэвийн олгоно гэсэн мөрийн хөтөлбөр боловсруулсан. Гэвч оюутны 70 мянган төгрөгийг олгохоо больж, хүүхдийн мөнгийг эхний ээлжинд 60 хувьд өгөх болсон. Түүнчлэн төрийн албанд өөрсдийн хамаатан саднаа томилж буйг эсэргүүцэж байна. Өмнөх Засгийн газрын хэрэгжүүлж байсан “Сайн” гэх хөтөлбөрүүдийг зогсоож, ард түмнийг хохироож байна Түүнчлэн БНХАУ-аас 4.2 тэрбум ам.долларыг 13 хувийн хүүтэй зээлэх талаар ярьж байна. Уг зээл болон түүний хүүг төлөх чадвар Монгол Улсад байхгүй тул аль нэг аймгаа өгөх, түрээслүүлэх асуудал ч ярьж мэдэх юм” гэв.
Гамшгийн эсрэг үндэсний төвийн ерөнхий зохицуулагч Ж.Ганбаатар, “Хонхорын усан сан бүхий газар хар тугалганы боловсруулах үйлдвэр байгуулж, цэвэр усны эх үүсвэрийг хордуулсан хүн БЗД-ийн нэгдүгээр хороонд нэр дэвшиж байна. Түүнчлэн БГД-ийн АН-ын хорооноос чагнах төхөөрөмж илэрсэн. Улс төрийн намууд ард түмнийг хохироохоо зогсоож, шударга өрсөлдөх хэрэгтэй” хэмээв.
Засгийн газар “Сайн” хөтөлбөрүүдийг зогсоосноор Монголын ард түмэнд ямар хохирол учруулсныг “Глоб-хамтын нийгэмлэг” ТББ-ын тэргүүн А.Алтантуяа судалжээ. Тэрбээр, “Нэг өрх жилд 14,4 сая төгрөг алдсан. Тухайлбал, хүүхдийн 20 мянган төгрөг, оюутны 70 мянган төгрөгийг зогсоосноор нэг жилд 1 сая 40 мянган төгрөг алдаж байна. Хамтын тэтгэврийн хуулийг хүчингүй болгосноор жилд 10 сая төгрөг алдаж байгаа. Энэ нь нэг өрх ирэх 4 жилп 60 сая төгрөг алдана гэсэн үг” гэлээ.
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ