БАЯН-ӨЛГИЙ: Саналын хуудасны зураг дарах, дүрс бичлэг хийх зөрчил гаргахгүй байхыг уриалав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2024 оны аравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас аймаг, сумын ИТХ-ын сонгуультай холбогдуулан уриалга гаргалаа.
Тус уриалгад, "Аймгийн Прокурорын газрын хяналтын харьяа эрх бүхий байгууллагуудад УИХ-ын сонгуулийн үеэр Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан "Сонгуулийн хуулийг зөрчих" зөрчлийн талаар нийт 20 гомдол, мэдээлэл бүртгэгдэж шалгагдсан байна. Дээрх зөрчлийг төрлөөр нь авч үзвэл, хуульд зааснаас өөр арга хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа явуулсан, сурталчилгааны зурагт хуудсыг санаатай устгаж гэмтээсэн, саналын хуудасны зураг авсан, төрийн болон орон нутгийн оролцоотой хуулийн этгээдийн тээврийн хэрэгсэл, бусад өмч хөрөнгийг аливаа хэлбэрээр сонгуулийн сурталчилгаанд ашигласан гэх мэт зөрчлүүд үйлдэгдсэн бөгөөд УИХ-ын сонгуулийн үеэр 6 иргэн саналын хуудасны зураг авсан зөрчил гаргаж тус бүрд нь 10 сая торгох шийтгэл оногдуулсан" талаар дурджээ.
Иймд энэ сарын 11-ний өдөр болох аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн үеэр Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан саналын хуудсанд тэмдэглэсэн санал болон саналын хуудасны зураг авах, дүрс бичлэг хийх, шууд дамжуулах, бусдад харуулах зөрчил гаргахгүй байхыг уриалав.
Хэрвээ дээрх зөрчлийг гаргасан тохиолдолд тухайн хүнд 10 сая төгрөгийн
торгууль оногдуулах хуультай.