БАЯН-ӨЛГИЙ: Н.Түгелбай: Зэрлэгээр нь барьсан бүргэд зоригтой, хурдан шаламгай байдаг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2024 оны аравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ЗДТГ, Соёл, урлаг, залуучуудын газар, Монголын Бүргэдчдийн холбоо хамтран "Алтан бүргэд-2024" үйл ажиллагааг тус аймгийн Бугат сумын Чандмань толгой хэмээх газарт өнгөрсөн амралтын өдрүүдэд 25 дахь удаагаа зохион байгуулав. Тус үйл ажиллагааны 65 настай хамгийн ахмад оролцогч, Алтай сумын 4 дүгээр багийн бүргэдчин Найманханы Түгелбайтай тэмцээний үеэр цөөн хором ярилцлаа.
-Таны хувьд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Бүргэдийн баяр"-т хэд дэх удаагаа оролцож байна?
-Энэ жил 20 дахь удаагаа оролцож байна. 2004 онд
Бүргэдийн баярт анх оролцож байлаа.
-Бүргэдийн баяраар бүргэдчид бүргэдээ биедээ дасгасан байдал, ан агнахад сургасан байдлаа сорин өрсөлддөг. Таны хувьд энэ тэмцээнүүдээс ямар амжилт гаргаж байв?
-Шагналт байрт шалгарч байгаагүй. Учир нь би байгалиас зэрлэг бүргэд
барьж гаршуулдаг. Тийм бүргэд ан агнахад сайн боловч уралдаан тэмцээний үеэр идшинд
дуудахад тэр бүр ирээд байдаггүй.
-Ихэнх бүргэдчид бүргэдээ дэгдээхэй байхад нь үүрнээс авсан гэж ярьдаг. Харин зэрлэг бүргэд барихын ач холбогдлын талаар тайлбарлаж өгөхгүй юу?
-Үүрнээс авсан дэгдээхэй гарт "наалдамхай" байдаг. Тийм ч эрэлхэг зоригтой биш гэсэн үг л дээ. Манай Дэлүүн сумынхан зэрлэг бүргэд барихдаа гарамгай. Тэр нь бас янз бүрийн аргатай. Бүргэдийн дэгдээхэй үүрнээсээ нисэн гарч, эхийгээ даган ан хийж сурсан үед нь хавх тавих, хэт их цадаж нисэж чадахгүй болсон үед мориор хөөж барих, занга тавих гэх мэт аргуудыг ашиглан барьдаг. Зэрлэгээр нь барьсан бүргэд зоригтой, хурдан шаламгай байдаг. Манайхан тийм аргаар барьсан бүргэдийг "түз бүркит" буюу хээрийн бүргэд гэж нэрлэдэг.
-Энэ гартаа барьж байгаа бүргэдээ гаршуулаад хэдэн жил болж байна?
-Би энэ бүргэдийг хүний гараас авсан. Ан агнаад зургаан жил болж байгаа.
-Нэг бүргэдийг дунджаар хэдэн жил барьдаг вэ?
-Ер нь гаршуулсан бүргэдийг 5-6 жилээс хэтрүүлэхгүй байгальд буцаан тавих
хэрэгтэй. Энэ бүргэд бол жилд ойролцоогоор 10-аад үнэг, туулай барьдаг. Одоо хөгширч
байгаа болохоор байгальд тавих бодолтой байгаа.
-Та бүргэдчин болоод хэдэн жил болж байна? Энэ урлагийг хэнээс өвлөж авсан бэ?
-Манай нагац талын Жахаан, Зейнолда
нарын хүмүүс бүргэдчин байсан. Бүргэдээр ан хийх уламжлалыг дээрх хүмүүсээс
уламжилж авсан. Миний хувьд бүргэд гаршуулж сургаад 25 жил болж байна. Дүү
нарын зарим нь бүргэд барьдаг. Хүүхдүүдээс минь миний үйл хэргийг уламжилж
авсан нь одоогоор байхгүй байна.
-Бүргэдчин болно гэдэг нь мэдээж тухайн хүнээс ур чадвар, тэвчээр шаардах байх. Тулгамддаг ямар хүндрэл, бэрхшээлүүд байна вэ?
-Хэн дуртай хүн бүргэд гаршуулж чадахгүй. Тухайн хүн жилийн дөрвөн улирлын
турш бүргэдээ тэжээж, уяа сойлгыг нь тааруулж, хүүхэд шиг асран халамжлах шаардлагатай.
Маш их цаг зав гаргах хэрэгтэй. Завгүй хүмүүс бүргэд гаршуулна гэдэг нь худал зүйл
болно.
-Бүргэдчин хүн бүргэдээр орлого олж, амьжиргаандаа нэмэр болгоно гэж байх уу?
-Бараг байхгүй дээ. Бүргэдийн өдөр тутмын хоол тэжээл гэж голдуу зарлага л
гардаг. Миний хувьд сонирхолдоо хөтлөгдөн бүргэд гаршуулж ан хийдэг. Зарим үед
зорьж ирсэн жуулчдад үзэж сонирхуулдаг болохоос бүргэдийг ашиг олох зорилгоор гаршуулдаггүй.
-Бүргэдийн баярт 20 дахь удаагаа оролцлоо гэж дээр хэллээ. Жил бүрийн үйл ажиллагаанд оролцохдоо урдаа ямар зорилго тавьж ирдэг вэ?
-Казахын ард түмний хосгүй сайхан өв уламжлалыг сурталчлах, хойш үед
өвлүүлэн үлдээх үйл ажиллагааг хүндэтгэж, бага ч гэсэн өөрийн хувь нэмрээ оруулъя
гэсэн санаагаар оролцдог. Түүнээс гадна олон газраас бүргэдчид ирдэг тул тэдэнтэй
танилцаж, ярилцаж туршлага солилцдог.
-Ярилцсанд баярлалаа.