БАЯН-ӨЛГИЙ: Дотуур байрны тоог нэмэх, орчин нөхцөлийг сайжруулах шаардлагатай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-10-02 16:18:25

Өлгий, 2024 оны аравдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссоос аймгийн Засаг дарга нарын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, дэд хөтөлбөр, бодлогын баримт бичигт тусгасан хүний эрх, эрх чөлөөний асуудал, түүний хэрэгжилтэд дүн шинжилгээ хийжээ.


Дүн шинжилгээний үр дүнд тодорхой болсон орон нутаг дахь хүний эрхийн тулгамдсан асуудлуудыг тоймлож, цаашдын бодлогын баримт бичиг, хөтөлбөр, төлөвлөгөө, шийдвэртээ тусгаж ажиллах шаардлагатай талаар Баян-Өлгий аймгийн Засаг даргад мэдээлэл ирүүлсэн байна.   


Үүнд тус аймаг дахь ерөнхий боловсролын сургуулиудын дотуур байрны асуудлыг хөнджээ. "Аймгийн төвд төрийн өмчит ерөнхий боловсролын 8 сургууль, хувийн хэвшлийн 4 сургуульд 12886 сурагч суралцаж байна. Гэвч аймгийн төвийн ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн 80 хүүхдийн багтаамжтай 1 дотуур байранд 170 хүүхэд байрлаж суралцдаг. Дотуур байрны хүрэлцээ дутмагаас хүүхдүүд гадуур айлд амьдрах, асран хамгаалагчийн хараа хяналт суларснаас хүүхэд гэмт хэрэгт холбогдох, хохирогч болох асуудал гардаг байна. Тухайлбал, 2022 онд тавиул хүүхэд гүн стрессээс шалтгаалан амиа егүүтгэсэн хэрэг гарсан. 2023 онд хүүхэд оролцсон гэмт хэрэг 28 болж 2 дахин нэмэгдсэн" гэж мэдээлэлд дурджээ.


Мөн тус аймгийн 8 сумын ерөнхий боловсролын сургуулийн 14 дотуур байрны үйл ажиллагаа, нөхцөл байдалд дүн шинжилгээ, хяналт шалгалт хийхэд Булган, Дэлүүн, Ногооннуур, Алтанцөгц, Өлгий сумын дотуур байрны барилгад тухай бүрд нь засвар үйлчилгээ хийдэггүй, дээврээс ус гоожсон, хана цуурсан, мөөгөнцөртсөн, холбогдох стандартын шаардлага хангаагүй нөхцөл байдал тогтоогдсон байна. 


Иймд цаашид дотуур байрны засвар үйлчилгээг хийх мөнгө төсөвлөх, тоог нэмэгдүүлэх, гадна болон дотор орчны аюулгүй байдал, хоол хүнс, цэвэр усны хангамж, хэрэглээнд тавих хяналтыг тогтмолжуулах, хүүхэд хамгааллыг бодлогыг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэхийг аймгийн Засаг даргад зөвлөсөн байна.

 

相关新闻