Ш.Ишиба намынхаа өндөр албан тушаалтнуудыг томилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2024-09-30 15:37:53

ТОКИО, 2024 оны есдүгээр сарын 30 /Kyodo/. Японы эрх баригч Либерал-Ардчилсан намын /ЛАН/ шинэ дарга Шигэрү Ишиба ширүүн өрсөлдөөнтэй болсон намын даргын сонгуулийн дараа намын удирдах албан тушаалуудад туршлагатай хууль тогтоогчдыг томилжээ.


ЛАН-ын хууль тогтоогчдод үзүүлэх олон нийтийн дэмжлэгийг нэмэгдүүлэх сорилттой тулгарч буй Ш.Ишиба бэлгэдлийн шинж чанартай энэхүү алхмын хүрээнд Ерөнхий сайдаар ажиллаж байсан нөлөө бүхий хоёр эрхмийг томилсон бөгөөд Таро Асо зөвлөхөөр, Ёшихидэ Сүга дэд даргаар ажиллахаар болсон байна.  


Харин ЛАН-ын шийдвэр гаргагч Ерөнхий зөвлөлийн дарга асан Хироши Морияма намын хоёр дахь өндөр албан тушаал болох Ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашихаар болжээ. Батлан ​​хамгаалахын сайд асан Ицүнори Онодерагийн хувьд бодлогын асуудал эрхэлсэн даргаар ажиллах юм.


Х.Морияма өнгөрсөн баасан гарагт болсон намын даргын сонгуульд Ш.Ишибаг дэмжжээ. Мягмар гарагт Японы парламент Ш.Ишибаг дараагийн Ерөнхий сайдаар томилох төлөвтэй байна. Х.Морияма ЛАН-д зохицуулагчаар ажиллаж байсан туршлагатай, танилын хүрээ өргөн гэдгээрээ алдартай. Харин И.Онодера бол Ш.Ишибатай адил батлан ​​хамгаалах салбарын бодлогын мэргэжилтэн юм.


Ирэх 10 дугаар сарын 27-нд парламентын ээлжит бус сонгууль болох төлөвтэй байгаа энэ үед Ш.Ишиба намын даргын сонгуульд өрсөлдсөн Шинжиро Коизүмид олон нийтийн дунд нэр хүндтэй болсныг нь харгалзан сонгуулийн стратегийн асуудал эрхэлсэн даргаар ажиллах санал тавьсан байна.


Ё.Сүгагийн хувьд ЛАН-ын гишүүдийн дунд нөлөө бүхий эрхэм хэвээр байна. Тэрбээр 2020-2021 онд буюу одоогийн Ерөнхий сайд Фүмио Кишидагийн өмнө Ерөнхий сайдын албыг хашиж байсан юм. Тэрбээр мөн Японы түүхэнд Ерөнхий сайдын албыг хамгийн удаан хашсан Шинзо Абэгийн үед Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм.


ЛАН-ын даргын сонгуульд есөн нэр дэвшигч өрсөлдөж, намаа олон бүлэгт хуваасны дараа Ш.Ишиба намаа нэгтгэхийг оролдож буйг намын удирдлагын шинэ бүрэлдэхүүн харуулж байна. Гэхдээ Эдийн засгийн аюулгүй байдлын асуудал эрхэлсэн сайд Санаэ Такаичи Ерөнхий зөвлөлийн даргаар ажиллах хүсэлтийг хүлээн авахаас татгалзсанаас гадна өөр нэг нэр дэвшигч болох Эдийн засгийн аюулгүй байдлын сайд асан Такаюки Кобаяши Олон нийтийн харилцаа хариуцсан даргын албан тушаал хаших саналаас татгалзсан нь намаа нэгтгэх гэсэн шинэ даргын хүчин чармайлтад таагүй байдлаар нөлөөллөө. Ингээд Т.Асогийн бүлгийн гишүүн, Сангийн сайд Шүничи Сүзүки ЛАН-ын Ерөнхий зөвлөлийн даргын албан тушаалд томилогдсон байна.

 


相关新闻