ДОРНОД: “Хүн болох багаасаа” хөтөлбөрийг улсын жишиг болгоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2024 оны есдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Аймгийн
ЗДТГ-аас орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар
хүүхдийн хөгжлийг дэмжих “Хүн болох багаасаа” хөтөлбөрийг хоёр дахь жилдээ хэрэгжүүлж
байна.
Энэхүү хөтөлбөр нь
Дорнодын хүүхэд бүрийг хурдацтайгаар өөрчлөгдөн байгаа өнөөгийн нээлттэй,
өрсөлдөөнтэй, мэдээлэлжсэн нийгэмд зохицон амьдрах чадвартай, ахмад үе, түүх,
ёс заншил, эх орон, байгаль дэлхий, нутаг усаа хайрлан хамгаалдаг, бүтээлч
сэтгэлгээтэй, өөртөө итгэлтэй иргэн болгон төлөвшүүлэх зорилготой юм.
Төслийн хүрээнд аймгийн
хэмжээнд 2023 онд 14 суманд 27 багш, 54 дасгалжуулагч, Eрөнхий боловсролын
сургуулийн 46 багш, 3000 гаруй хүүхдийг хамруулсан бол 2024 онд 39 багш,
дасгалжуулагч, Ерөнхий боловсролын сургуулийн 19 багш спортын 16 багц төрлөөр
2500 суралцагчийг 6 сарын турш сургалтад хамруулан чиглүүлж байна.
Дорнод аймаг сурлага,
урлаг, спортын чиглэлээр хүүхдийг хөгжүүлэх зорилго бүхий цогц хөтөлбөрийг
анхлан санаачилж, хэрэгжүүлж байгаа аймаг гэдгээрээ онцлогтой.
“Энэ төслийг хэрэгжүүлснээр Дорнод аймгийн хүүхдүүд спортын төрлүүдээр
амжилт гаргаж, улсын болон бүсийн тэмцээнүүдэд тогтмол нэг, хоёрдугаар байрт
орж байна. Мөн хүүхдүүдийн авъяас чадварыг нээн илрүүлэх төсөл хөтөлбөр
амжилттай хэрэгжиж байгаа. Гадаад хэлний төсөлд хамрагдсанаар хүүхдүүдийн
гадаад хэлний мэдлэг эрс сайжирч байгаа үр дүн гарсан. Цаашид улсын чанартай, үндэсний
хэмжээний төсөл болно гэдэгт эргэлзэхгүй байна” хэмээн аймгийн Засаг даргын
орлогч Ш.Ёл хэлж байв.
Уг хөтөлбөрийг улсын хэмжээнд жишиг болгон хөгжүүлж, хэрэгжүүлэхээр ажиллаж
байна.
“Хүн болох багаасаа”
хөтөлбөрийг хүүхдийн хөгжил, хүмүүжил, хамгааллын асуудлыг хамарсан 4 зорилт,
17 чиглэлийн хүрээнд эцэг эх, гэр бүл, боловсролын байгууллага, төрийн болон
төрийн бус байгууллагатай хамтран хэрэгжүүлж байгаа юм.