Б.Эрхэмбаяр, Л.Сосорбарам нар Абу Дабигийн “Их дуулга”-д барилдана
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг “Их дуулга” ангиллын цувралын нэг Абу Дабигийн тэмцээн ирэх сарын 11-нд АНЭУ-д болно.
Уг тэмцээнд одоогоор 29 орны 176 тамирчин оролцохоор мэдүүлэг өгчээ. Манай улсаас эрэгтэйчүүдийн 66 кг-д олон улсын хэмжээний мастер Б.Эрхэмбаяр, эмэгтэйчүүдийн 52 кг-д олон улсын хэмжээний мастер Л.Сосорбарам нар зодоглоно.
Б.Эрхэмбаяр Абу Дабигийн “Их дуулга”-аас хүрэл медаль
хүртэхээс гадна тус хотод болсон ДАШТ-д VII байр эзэлсэн. Түүний хувьд одоогоор “Их дуулга”
ангиллын тэмцээнээс нэг алт, хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртээд байна.
Тэгвэл Л.Сосорбарам Абу Дабигийн “Их дуулга”-д анх удаа барилдах юм. Тэр “Их дуулга”-аас гурван мөнгөн медаль хүртээд байгаа билээ.
Уг тэмцээнд дээрх хоёр тамирчнаас гадна АНЭУ-ын нэрийн өмнөөс барилдаж буй Б.Хорлоодой, Б.Нармандах нар 52, 66 кг-ын жинд өрсөлдөнө.