Эрвээхэй хулгайлсан хүмүүсийг 200 мянган ам.доллароор торгожээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
КОЛОМБО, 2024 оны есдүгээр сарын 13 /BBC/. Шри Ланка улсын зэрлэг амьтдын задгай хүрээлэнгээс олон зуун эндемик шавж, түүний дотор 92 төрөл зүйлийн эрвээхэй хулгайлахыг завдсан Италийн иргэн эцэг, хүү хоёрт 60 сая шри-ланка рупигийн /200 мянган ам.доллар/ торгууль ногдуулжээ.
"Яла" үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн байгаль хамгаалагчид энэ
оны тавдугаар сарын 8-нд 68 настай Луижи Феррари, түүний хүү 28 настай
Маттиа нарыг олон тооны шавж бүхий сав тээвэрлэн явж байгааг илрүүлсний дараа баривчилсан байна.
Тэд амьтдыг татдаг бодисоор шавжнуудыг урхидаж, химийн аргаар
хадгалахын тулд лав ашиглахаар төлөвлөж байсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогджээ. Улмаар шавжийг хууль бусаар
цуглуулж, эзэмшиж, тээвэрлэсэн хэрэгт буруутгаж, зэрлэг ан амьтдын эсрэг гэмт хэрэг үйлдсэний учир тус улсын түүхэнд байгаагүй өндөр торгууль ногдуулсан байна.
“Хэрэг
гарсан өдөр зам дагуу “сэжигтэй
машин” зогсож байсан ба дотор нь сууж явсан хоёр
эрэгтэй шавжны торнуудыг аваад ой
руу орсон тухай нэгэн жолооч бидэнд мэдээлсэн”
гэж байгаль хамгаалагчдын нэг болох Сужеева Нишанта BBC телевизэд ярьжээ. Байгаль хамгаалагчид машин зогсож байсан газарт очиход
тэвшин дотроос нь шавж агуулсан олон зуун шилэн сав олдсон байна.
“Биднийг
очиход бүх шавж үхсэн байсан. Тэд лонхонд химийн бодис хийсэн байсан бөгөөд нийт гурван зуу гаруй шавж байсан” гэж С.Нишанта ярьжээ. Хоёр
эрэгтэйг эхлээд 810 хэргээр буруутгаж байсан боловч хожим нь 304 болгож цөөрүүлсэн байна. Тэд есдүгээр сарын 24-ний дотор торгуулиа төлөөгүй тохиолдолд хоёр
жилийн хорих ял авч магадгүй байна.
Италийн хэвлэлүүдэд мэдээлснээр, дээр дурдсан иргэд тухайн үед Шри
Ланкад амарч байсан бөгөөд хэрэг гарснаас хойш тус улсад хоригдож байгаа аж. Шри Ланкагийн зүүн өмнөд нутагт орших "Яла" үндэсний цэцэрлэгт
хүрээлэн нь ирвэс, заан, одос үхэр ихтэй бөгөөд зэрлэг ан амьтдын хамгийн алдартай цэцэрлэгт
хүрээлэнгүүдийн нэг юм.
Хөл, шагайны гэмтлийг эмчлэх чиглэлээр мэргэшсэн ортопедийн мэс засалч Луижи Феррариг найзууд нь шавж сонирхогч гэдгийг хэлжээ. Тэрбээр Италийн хойд нутагт орших Модена хотын шавж судлалын нийгэмлэгийн гишүүн ажээ. Л.Ферраригийн Итали дахь найз нөхөд, хамтран ажиллагсад нь түүнд өршөөл үзүүлэхийг хүссэн байна. Түүнчлэн түүний барьсан байсан эрвээхэйнүүд арилжааны үнэ цэнгүй гэж зарим хүн үзэж байгаа тухай Италийн өдөр тутмын “Corriere della Sera” сонин бичжээ.
Байгаль орчны хуулийн мэргэжилтэн, доктор Жагат Гунавардена
хэлэхдээ,
200 мянган ам.долларын
торгууль нь гэмт хэрэгтнүүдэд анхааруулга өгөхийн зэрэгцээ сайн жишиг болно гэв. Шри-Ланкад зэрлэг ан амьтдын хулгай түгээмэл
гардаг. Тус улсын төв нутагт орших Нуклес ойн нөөц газраас наймдугаар сарын 28-нд хоёр орос иргэн ан хийж байгаад баривчлагджээ.