БАЯНХОНГОР: Дахин төлөвлөлтийн ажлын гүйцэтгэл 80 хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2024 оны есдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймаг агаар, хөрсний бохирдлыг багасгах, гэр хорооллын газрыг дэд бүтэцтэй холбон, орон сууцжуулж, өмчлөлт газрыг үнэ цэнтэй болгох бодлогыг хэрэгжүүлж буй. Улсын төсвийн 25.7 тэрбумын төсөвт өртөг бүхий гэр хорооллын дэд бүтцийн төслийн хүрээнд Баянхонгор сумын гэр хороололд дахин төлөвлөлтийг хийж байна.
Баянхонгор аймгийн төвийн нийт хүн амын 60 гаруй хувь буюу 10 мянга гаруй өрх гэр хороололд амьдардаг. Тэгвэл аймгийн төвийн 10 багийн хоёр нь орон сууцны хороолол бөгөөд дэд бүтцийн өргөтгөл төслийн хүрээнд 2, 3, 4, 5, 6, 7, 9 дүгээр багийн дулаан, цэвэр бохир усны шугамын ажлыг шат дараатай хийж байгаа юм.

Ингэснээр Баянхонгор сумын гэр хорооллын айл өрхийн 30-40 хувь нь төвлөрсөн шугам сүлжээнд холбогдох бүрэн боломжтой болох бөгөөд ажлын гүйцэтгэлийг 11 дүгээр сард дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Төсөл амжилттай хэрэгжиж дууссанаар гэр хорооллыг орон сууцжуулж, дулаан хангамж, ус хангамжийн дэд бүтэцтэй холбож, аймгийн агаар хөрсний бохирдлын хэмжээ багасаж, иргэдийн үл хөдлөх хөрөнгийн үнэлэмж өсөн нэмэгдэх юм.