БАЯН-ӨЛГИЙ: Урьдчилсан байдлаар 6700 гаруй тонн ургац хураан авах төлөвлөгөөтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-09-10 11:03:41

Өлгий, 2024 оны есдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ЗДТГ, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Төрийн банк, "АДРА Монгол" олон улсын байгууллага, Худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран "Намрын ногоон өдрүүд" үзэсгэлэн худалдааг Өлгий хотын төв талбайд энэ сарын 9-ний өдөр зохион байгууллаа.


Үзэсгэлэн худалдаанд тус аймгийн бүх сумын газар тариалан эрхлэгчид, гар урлал, сүү,  оёдол, хатгамал, бэлэг дурсгал, талх, нарийн боовны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид болон малчдын төлөөллөөс 90 гаруй үйлдвэрлэгч оролцож, өөрсдийн тарьсан төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүдээ олон нийтэд танилцууллаа.


Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас өгсөн мэдээллээр, Баян-Өлгий аймгийн тариаланчид өнгөрсөн хавар 1334 га-д тариалалт хийсэн. Үүнээс 242.2 га талбайд төмс, 794.1 га-д малын тэжээл, 196 га-д хүнсний ногоо, 123 га-д жимс, жимсгэнэ тарьсан. Урьдчилсан байдлаар 6700 гаруй тонн ургац хураан авах төлөвлөгөөтэй байна. Ургацын урьдчилсан балансаас харахад аймгийн төмсний хэрэгцээний 90, хүнсний ногооны 17-18 хувийг дотооддоо хангах боломж харагдаж байгаа. Иймээс тариаланчид хураасан ургацынхаа дээжээр үзэсгэлэн худалдаанд оролцож, аймгийн төвийн иргэдэд худалдан борлууллаа. 

  

Дээрх үзэсгэлэн худалдаа нь иргэдэд орон нутгийн үйлдвэрийн бүтээгдэхүүнүүдийг нэг цэгээс худалдан авах, өвлийн нөөцөө бэлтгэх, бизнес эрхлэгчдэд хамтран ажиллах, туршлага солилцох боломж олгосноороо онцлогтой боллоо. 











相关新闻