Шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг танилцуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬШадар сайд У. Хүрэлсүхээр ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Дундговь аймагт ажиллалаа. Шадар сайд аймгийн удирдлагууд, ЗДТГ- ын хэлтсийн дарга нартай уулзсан бөгөөд энэ үеэр аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ аймаг орон нутгийн цаг үеийн мэдээллийг өгч, шийдвэрлэх шаардлагатай байгаа хэд хэдэн асуудлыг ажлын хэсэгт танилцуулсан юм.
Тодруулбал, Мандалговь хотод шав тавиад орхисон дулааны станцын ажлыг үргэлжлүүлж, ашиглалтад оруулах, ачаалал хэтэрч, тоног төхөөрөмж нь хэт хуучран үйл ажиллагаа нь доголдоод байгаа Мандалговийн цэвэрлэх байгууламжийг орчин үеийн, байгальд халгүй технологи бүхий шинэ цэвэрлэх байгууламжаар солих, авто зам засвар арчлалтын ангитай болох, Замын хяналтын пост, авто зам ашигласны төлбөр хураах цэгийг түшиглэн хүнд даацын автомашины ачааны пүү суурилуулах, суурийг нь цутгаад ажил нь таг зогсоод байгаа аймгийн театрын барилгыг үргэлжлүүлэн ашиглалтад оруулах зэрэг томоохон ажлуудыг танилцуулсан байна.
Мөн тааз нь нуралт өгснөөс үйл ажиллагааг нь зогсоогоод байгаа Сайнцагаан сумын 1-р цэцэрлэгийн барилгыг яаралттай шинээр барих шаардлага тулгарсаныг дуулгаж, Баянжаргалан, Өндөршил суманд ч шинэ цэцэрлэг хэрэгтэй байгааг хэллээ.
Түүнчлэн хөдөөгийн 7 сумын ЭМТ-ийн түргэн тусламжийн авто машины парк шинэчлэлт хийх, мөн хүнд өвчтөнг гурав дахь шатлалын эмнэлэгт хүргэх тусгай тоноглогдсон түргэн тусламжийн автомашин аймгийн Нэгдсэн эмнэлэгт дутагдаж байгааг ажлын хэсэгт танилцуулав.
Шадар сайд У.Хүрэлсүх ажлын хэсгийн хамтаар Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Нэгдсэн эмнэлэг, ИНЕГ-ын харъяа Мандалговь нисэх буудал, Авто тээврийн үндэсний төвийн харъяа Дундговь салбар, Сайнцагаан сумын ЗДТГ-ын үйл ажиллагаатай танилцсан юм.
Т. Отгонтуяа