БАЯН-ӨЛГИЙ: "Эрс тэс уур амьсгалд тэсвэртэй газар тариалан" төсөл хэрэгжүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2024 оны есдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. "АДРА Монгол" олон улсын байгууллагаас Баян-Өлгий аймагт "Эрс тэс уур амьсгалд тэсвэртэй газар тариалан" төслийг энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн хэрэгжүүлж байна.
“АДРА Япон” болон “АДРА Хонконг” байгууллагуудын 340 мянган ам.долларын санхүүжилтээр хэрэгжүүлж буй уг төсөл нь менежмент, нөөцийн хуваарилалтыг сайжруулах замаар тариалалтын хугацааг уртасгах, нарны эрчим хүчээр ажилладаг хүлэмж ашиглан үр ашгийг нэмэгдүүлэх, уур амьсгалд тохирсон газар тариалангийн аргуудыг нэвтрүүлэх зорилготой ба 36 сарын турш үргэлжилнэ.
Төсөлд тус аймгийн 225 өрхийг хамруулна. Үүнээс аймгийн төв Өлгий сумаас 135, Сагсай, Бугат сумаас тус бүр 45 өрхийг төсөлд хамруулахаар төлөвлөж байгаа.
Харин эхний жилд аймгийн төвийн 75, Бугат, Сагсай сумаас тус бүр 15 зорилтот бүлгийн өрхийг хамруулан ажиллаж байна. Төслийн хүрээнд одоогоор 25 өрх нарны хүлэмжтэй болжээ. Мөн тариаланчдыг хүнсний ногооны үрээр хангаж, шаардлагатай ур чадвар эзэмшүүлэх, тариалангийн менежментийг сайжруулахад чиглэсэн сургалтад хамруулан ажиллаж байна.
“Эрс тэс уур амьсгалд тэсвэртэй
газар тариалан" төслийг хэрэгжүүлснээр тариалалтын улирлыг 3-5 сараар
сунгаж, орон нутгийн тариаланчдын амьжиргааны тогтвортой эх үүсвэрийг дэмжих,
хүнсний аюулгүй байдлыг сайжруулах боломж бүрдэнэ хэмээн төсөл хэрэгжүүлэгчид
үзэж байна.