СЭЛЭНГЭ: Тусгай хэрэгцээт боловсролыг дэмжих баг байгуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар,
2024 оны есдүгээр 2 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн
хэмжээнд тусгай хэрэгцээт боловсролыг дэмжих багийг аймгийн 34 сургууль, 36
цэцэрлэгт 421 гишүүнтэй байгуулан ажиллаж байна.
Тусгай хэрэгцээт хүүхдийг
цэцэрлэг, сургуульд хамруулах асуудлыг сургууль дээрх дэмжлэгийн баг, салбар
комиссын хурлаар шийдвэрлэжээ. Мөн тухайн хүүхэдтэй ажиллах
багшийг чадавхжуулах ажлыг улирал бүрд онлайн болон танхимын хэлбэрээр зохион
байгуулж байна.
Эдгээр хүүхэдтэй 131
багш ажиллаж, ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө боловсруулан,
113 багш нэмэгдэл авч ажиллана.
Аймгийн БШУГ-аас энэхүү дэмжлэг шаардлагатай
сурагчдын сурч хөгжих явцад хяналт тавин ажиллаж байна
хэмээн тус газрын даргыг түр орлон гүйцэтгэгч Ч.Алтантуяа ярилаа.
Тухайлбал шаардлагатай
хэрэглэгдэхүүн, материалаар ханган, сурагчдад зориулсан
чийрэгжүүлэлтийн
өрөө, танхим байгуулж, тохижилтод зориулан
110 гаруй сая
төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ.
Мөн Боловсрол, шинжлэх
ухааны яамнаас суралцагч бүрийн онцлог насанд тохирсон ном, сургалтын
хэрэглэгдэхүүнд 234 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг
тус тус хийжээ.
Дээрх үйл ажиллагаанаас гадна тэгш
хамруулах боловсролын чиглэлээр Сэлэнгэ аймгийн хэмжээнд цэцэрлэгт 54,
сургуульд 189 хүүхэд хамрагдаж байна.
Дээрх хүүхдүүдээс ерөнхий
боловсролын сургуульд 100 хүүхэд суралцаж, ганцаарчилсан сургалтын
төлөвлөгөөгөөр хичээллэн, боловсрол эзэмшиж байна.