ӨВӨРХАНГАЙ: 11 суманд цэцэрлэгийн багш дутагдалтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр, 2024
оны наймдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. 2024-2025 оны хичээлийн жил эхэлж
байгаатай холбогдуулан аймгийн Боловсролын
газраас “Багш нарын бага
хурал”-ыг зохион байгууллаа.
Энэ жилийн байдлаар аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын 1288 багш ажиллаж байгаагаас 422 нь бага ангийн багш юм. Ажлын байрны 80 гаруй сул орон тоо байгааг сонгон шалгаруулалтаар 82 хувь нөхжээ. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 257 багш ажиллаж байгаа ба 11 суманд багш дутагдалтай байна.
Ерөнхий боловсролын сургуулиудын ачааллыг тэнцвэржүүлэх, үйлчилгээний чанар, тэгш хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор сүүлийн дөрвөн жилд Арвайхээр, Бат-Өлзий, Хархорин сумын ерөнхий боловсролын 4 сургуульд 1200 хүүхдийн хүчин чадалтай өргөтгөл барьсан юм. Мөн 9 цэцэрлэгт 750 хүүхдийн хүчин чадалтай өргөтгөл, 4 сургуульд 1000 хүний хүчин чадалтай спорт заал, 100 хүүхдийн хүчин чадалтай дотуур байрыг тус тус ашиглалтад оруулснаар ээлжийн коэффициент 1.2 болж, өмнөх оноос 0,2-оор буурсан байна.
“Манай
аймгийн багш нарын манлайлах чадвар улсад өндөрт
тооцогддог. Боловсролын салбарын
чухал үзүүлэлт болох элсэлтийн ерөнхий шалгалтын оноогоор манай аймаг сүүлийн 12 жил тогтмол
эхний 3 байрт шалгарсан” хэмээн аймгийн Засаг дарга И.Доржсүрэн хэлсэн үгэндээ
онцоллоо. Тэрбээр
Багш нарын бага хурлаар хичээлийн шинэ жилийн зорилго, зорилт, анхаарах асуудлыг хэлэлцсэн бөгөөд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар боловсролын салбарт олгож буй 758 зөөврийн компьютер гардуулж өглөө.