СЭЛЭНГЭ: Ч.Алтантуяа: Энэ хичээлийн жилд 100 гаруй багшийн сул орон тоо үүсээд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-08-30 12:33:01

Сүхбаатар, 2024 оны наймдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн БШУГ-аас жил бүр өнгөрсөн хичээлийн жилийн амжилт, ололтыг дүгнэж, хичээлийн шинэ жилийн зорилго, зорилтыг хэлэлцэн, бага хурал зохион байгуулдаг уламжлалтай.

 

Энэ сарын 29-нд болсон дээрх үйл ажиллагааны үеэр аймгийн БШУГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Алтантуяатай ярилцлаа.  

 

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Аймгийн боловсролын салбарынхан ололт, амжилт, алдаа оноогоо дүгнэж, хичээлийн шинэ жилд хийж хэрэгжүүлэх ажлаа хэлэлцэж байна. Өнгөрсөн жилийн ажлын амжилт ололт юу байв?

-Баярлалаа. Бид 2023-2024 оны хичээлийн жилд “Хамтын оролцоо, үнэлгээний үр дүнд суурилан цэцэрлэг, сургуулийн менежментийг сайжруулж, боловсролын үйлчилгээний хүртээмж, чанарт ахиц гаргах” гэсэн зорилгын хүрээнд ажилласан. Аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын 35 сургуульд 22153 сурагч, 43 цэцэрлэгт 7933 хүүхэд суралцсан. Сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 2023 оныхоос 7.6 хувиар ахиснаар 92.8 хувь, суурь боловсролын хамран сургалт 2.4 хувь ахиж, 94.2 хувьтайгаар өндөрлөсөн.  

 

Аймгийн хэмжээнд боловсролын салбарын 80 байгууллагад 30 гаруй мянган хүүхэд суралцаж, 3000 гаруй багш, ажилтан ажиллаж, боловсролын үйлчилгээг хууль тогтоомжийн дагуу тэгш, хүртээмжтэй хүргэхэд анхаарч ажиллалаа. Мөн мэргэжлийн боловсролын 2 байгууллагад 641 оюутан, 31 мэргэжлээр суралцсан.

 

-Насан туршийн суралцахуйн чиглэлээр хэрхэн ажиллав?

-Насан туршийн суралцахуйн төвийн дэргэдэх насан туршийн суралцахуйн нэгж нь 16 сум, 3 тосгонд ажилладаг. Энэ байгууллага ерөнхий боловсролын сургуулийн дэргэд 21 багштай, 348 суралцагчтай сургалтаа зохион байгуулж байна. Бага боловсролд 65, суурь боловсролд 138, бүрэн дунд боловсролд 146 суралцагчийг дүйцсэн хөтөлбөрийн сургалтад хамруулан боловсрол нөхөн эзэмшүүлсэн.

 

Насан туршийн боловсролын 6 чиглэлээр сургалт зөвлөгөө, нөлөөллийн ажлыг зохион байгуулж, нийт 45 төрлийн үйл ажиллагаанд 1707 иргэнийг хамруулсан.

 

Өнгөрсөн хичээлийн жил хэвийн үргэлжилж дууссан. Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалын дагуу хичээлийн жилийн бүтцийг хэрэгжүүлж, хичээлийн жилийн төгсгөлд өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийн нийт суралцагчийн анги дэвших, төгсөлтийн шалгалтыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангахад дэмжлэг үзүүллээ.

 

-Сургуулийн өмнөх боловсрол олголт аймгийн хэмжээнд ямар түвшинд байдаг вэ?

-Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын сургалт, үйл ажиллагаанд баримтлах бодлого, хууль журам, тушаал, шийдвэр, өгөгдсөн чиглэлийн хүрээнд танхимын хичээл, сургалтын үйл  ажиллагааны тасралтгүй байдлыг хангахад чиглэсэн. Тухайлбал цэцэрлэгийн менежментийг сайжруулах ажлыг үе шаттай хэрэгжүүлж ажилласны үр дүнд хамран сургалтыг 92.8 хувьд хүргэж нэмэгдүүлсэн. СӨБ-ын сургалтын хөтөлбөрөөр дамжуулан 6 чиглэлээр хүүхдийн хөгжлийг дэмжсэн үйл ажиллагааг тогтмол зохион байгууллаа.

 

Багш нар хичээлийн жилийн эхэнд бүлгийн хүүхдүүдээс гарааны үнэлгээ хийсний үр дүнд тулгуурлан сургалт, үйл ажиллагааг төлөвлөн явцын үнэлгээг тогтмол хийж хэвшлээ.

 

Хичээлийн жилийн эцэст төрийн өмчийн 39 цэцэрлэгт хамрагдсан 2-5 настай хүүхдийн хөгжлийн үр дүнгийн үнэлгээг бүлэг бүрээр авч нэгтгэн 3 түвшнээр гаргалаа. Энд 2-5 настай 6720 хүүхдийг хамруулан давхардсан тоогоор 20120 хүүхдийг хөгжлийн 3 түвшинд үнэлсэн. Үнэлгээгээр дунджаас доогуур түвшинд 449 хүүхэд буюу 2.3 хувь, дундаж түвшинд 2666 хүүхэд буюу 13.6 хувь, хангалттай түвшинд 17005 хүүхэд буюу 84.1 хувь нь үнэлэгдсэн.

 

Сургуульд бэлтгэсэн байдлыг үнэлэх үнэлгээгээр нэгдүгээр ангийн 71 бүлгийн 2071 сурагч хамрагдсан. Аймгийн дундаж үнэлгээ 73.4 хувьтай гарсан. Энэ нь улсын дунджаас 3.2 хувиар /70.22 хувь/ дээгүүр гарсан. Гэвч энэ үнэлгээ 2022 оны гүйцэтгэлийн үнэлгээнээс /74.0/ 0.6 хувь буурсан үзүүлэлттэй байгаа.

 

-Цэцэрлэгийн хамран сургалт, тухайлбал малчдын хүүхдүүд цэцэрлэгт хамрагдаж чадаж байна уу?

-11 цэцэрлэг хамран сургах тойргийнхоо малчин өрхийн хүүхдүүдийг хувилбарт сургалт буюу зуны нүүдлийн болон явуулын гэр цэцэрлэг ажиллуулан 260 хүүхдийг хамруулсан.

 

Байгууллагын менежментийг сайжруулах ажлын хүрээнд цэцэрлэгийн менежментийн сайн загварыг туршин хэрэгжүүлэхэд, байгууллагын стратеги болон гүйцэтгэлийн төлөвлөгөө хийх арга зүй, байгууллагын өөрийн үнэлгээ хийх арга зүйн мэдээллээр ханган, дэмжлэг үзүүлэн, зөвлөн туслах ажлыг манай газраас 2 удаа зохион байгуулсан.

 

Мөн мэргэжлийн бүлгээр ажиллах аргачлал, “Үлгэрч багш”, “Үзүүлэх хичээл”, “Илтгэлийн уралдаан” харилцан туршлага солилцох үйл ажиллагаа, “Хамтдаа сурч хөгжье” зэрэг бүсийн үйл ажиллагааг зохион байгуулж, багш, удирдах ажилтнуудыг оролцууллаа.

  

2023 оны гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнгээр 18 цэцэрлэг 1-4 дүгээр түвшинд үнэлэгдэн, байгууллагын урамшуулал авсан. Мөн 39 цэцэрлэгийн 244 багш гүйцэтгэлийн үнэлгээнд хамрагдан 158 багш 1-4-р түвшинд үнэлэгдэж урамшуулал авсан. 2024 оны гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнгээр 1-4 дүгээр түвшинд үнэлэгдсэн багшийн тоо нэмэгдсэн.  

 

-Нэгдүгээр ангид суралцаж байгаа хүүхдүүдийн тухайд хамран сургалт?

-2023-2024 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид 6 настай 1986 сурагч суралцсан. Хамран сургалтын цэвэр жин 93.4 хувь, бохир жин 97.6 хувьтай байсан. Үүнийг өмнөх жилтэй харьцуулахад цэвэр, бохир жин 2.5 хүртэлх хувиар өссөн. Учир нь боловсролын салбарын мэдээллийн системд шинэчлэл хийж, зөвхөн хамран сургах тойргийн 6 настай хүүхдийг, тухайн харьяа сургуульд нь цахимаар бүртгэж, ЕБС-д элсүүлэх болсонтой холбоотой юм.


Үүнтэй холбоотойгоор цаашид иргэн, өрх гэр бүлийн бүртгэлийн хаягийг баталгаажуулах, өөр сум, аймаг, нийслэлд шилжсэн бол шилжилт хөдөлгөөнийг заавал хийж баталгаажуулсан байх шаардлагатайг ташрамд дуулгая.  

 

-Хичээлийн жилийн явцад хэрэгжүүлсэн шинэлэг ажил юу байна?

-Өнгөрсөн хичээлийн жилд 3-4 дүгээр ангид математикийн хичээлийн долоо хоногийн 1 цагийг Финландын боловсролын туршлага бүхий “Эдүтэн” цахим платформ ашиглан зохион байгуулсан. Энд 3 дугаар ангийн 74 бүлгийн 2067, 4-р ангийн 80 бүлгийн 2271, нийт 154 бүлгийн 4338 сурагч хамрагдсан.

 

Мөн 5-6 дугаар ангид англи хэлний “Pearson” хөтөлбөрийг хэрэгжүүлж, 5 дугаар ангийн 73 бүлгийн 2167, 6 дугаар ангийн 72 бүлгийн 2018 сурагч хамрагдсан. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд 134.9 сая төгрөгийн цахим гэрээ хийж, төсвийн болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар 437 сая төгрөгийн тоног төхөөрөмжийн шинэчлэл хийж, интернэтийн хүчин чадлыг нэмэгдүүлсэн. Улмаар 19 цахим анги шинээр байгуулж, 770 таблет, 89 компьютер шинээр авсан.

 

2023 онд гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнгээр 25 сургууль 1-4 дүгээр түвшинд үнэлэгдэж, аймгийн дундаж улсын дунджаас 1.19 хувь дээгүүр, өнгөрсөн жилийнхээс 2.71 хувиар ахисан.

 

978 багш гүйцэтгэлийн үнэлгээний шалгалтад хамрагдаж, 527 багш 1-4 дүгээр түвшинд үнэлэгдэж, өмнөх жилийнхээс 4.2 хувиар өссөн.

 

2024 онд байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнгээр 1-4 дүгээр түвшинд үнэлэгдсэн байгууллагын тоо, багшийн тоо өссөн.

 

Мөн бид 2022 оны олон улсын чанарын үнэлгээний судалгаат шалгалт /PISA/-д Мандал сумын 5, Сүхбаатар сумын 4 дүгээр сургуулиуд сайн үнэлэгдсэн. Унших чадвар, математик, байгалийн ухааны хичээлийн үнэлгээгээр үндэсний хэмжээнд 4 дүгээрт эрэмбэлэгдсэн амжилт гаргасан.

 

-Хүүхэд хөгжүүлэх чиглэлд ямар ажил зохион байгуулсан бэ?

-Сургууль, цэцэрлэгүүдэд эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлж, эрүүл мэндийг хамгаалах, хоол хүнсээр хангах, тоног төхөөрөмжийг шинэчлэх, хүүхдийг бие бялдар сэтгэл зүй, оюун санааны хувьд хэвийн хөгжихөд шаардлагатай хамгааллын тааламжтай орчин бүрдүүлэх чиглэлд анхаарч ажилласан.

 

“Дээрэлхэл дэлгэрэх ёсгүй”, “Хамтдаа шалгая, хамгаалъя” зэрэг аян, урлаг, спортын уралдаан, тэмцээн, хичээл, үйл ажиллагааны чиглэлээр төрөлжсөн хичээлийн олимпиад зэргийг зохион байгууллаа.

Улсын олимпиадад багш нараас 3 алт, 1 хүрэл, сурагчдаас алт 1, мөнгө 3, тусгай 4 байр эзэлсэн.

 

Мөн хүүхэд бүрийн сэтгэн бодох, хийж бүтээх, шинжлэх ухаанч байдлыг дэмжиж хөгжүүлэх, оюуны болон биет бүтээлүүдийг шалгаруулах, шилдэг бүтээлүүдийг нийтэд сурталчлан таниулах. Цаашлаад ерөнхий боловсролын сургуулиудад нийлүүлсэн кабинет лабораториудын хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор УИХ-ын гишүүн Ч.Ундрамын санаачилсан “science fair selenge-шинжлэх ухааны бүтээлийн уралдаан”-д 34 сургуулийн 10-12 дугаар ангийн сурагч, МСҮТ-ийн оюутан нийт 100 гаруй багийн 300 гаруй хүүхэд, залуус өөрсдийн хийсэн бүтээлээрээ өрсөлдсөн. Улсын уралдаанд 4 баг байр эзэлсэн.

 

Оны шилдэг илтгэл шалгаруулах эрдэм шинжилгээний бага хурлыг “Хамтын оролцоонд суурилсан сургалтын байгууллагын менежментийг хөгжүүлэх нь” сэдвээр зохион байгуулахад Мандал сумын 3 дугаар цэцэрлэгийн арга зүйч Б.Наранцацралын “Хамтын манлайлал нь байгууллагын амжилтад нөлөөлөх нь”, мөн Мандал сумын ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн багш нарын Legend багийн "Алсын хараанд чиглэсэн баг, үеийн үйл ажиллагаагаар хамтын хөгжлийг дэмжих нэгэн шийдэл" илтгэл шалгарч, үндэсний эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлж, дэд байруудыг эзлэн, өнгөрсөн жилийн амжилтыг бататгасан.

 

-Аймгийн хэмжээнд Мэргэжлийн боловсролын сургалтын 2 байгууллага байдаг. Эдгээрийн үйл ажиллагааны онцлогоос дурдвал?

-Монгол Улсын Засгийн газрын 306 дугаар тогтоолоор Сэлэнгэ аймаг дахь МСҮТ, Шаамар сум дахь МСҮТ-ийг нэгтгэсэн. Ингэснээр эдгээр сургуульд ХААИС-ийн хичээлүүдийн онцлог, мэргэжлийн индексийг хөрвүүлж, политехник коллежоос их сургуульд үргэлжлүүлэн суралцах боломжийг бүрдүүлж өгсөн.

 

Бүс,  орон нутгийн хөгжлийн онцлог, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн судалгаа, ажил олгогчдын захиалгыг үндэслэн 16 мэргэжлээр, Мандал сум дахь Зүүнхараа политехникийн коллеж /ПК/ нь 13 мэргэжлээр тус тус элсэлт авч, 2024-2025 оны хичээлийн жилийн үйл ажиллагаагаа эхлэхэд бэлэн болоод байна.

 

Зүүнхараа ПК нь орон нутгийн онцлог давуу талаа түшиглэн мэргэжлийн төрлөө нэмэхээр Хөдөө аж ахуйн мэргэжлээр төрөлжүүлэн хөгжүүлэх байгууллагын урт хугацааны төлөвлөлтийн хүрээнд “Ойн техникч” мэргэжлийн анги нээж, 17 суралцагчийг хамруулж байна.

 

Политехник коллеж төгсөгчид ХААИС, ШУТИС-ийн 3 дугаар дамжаанд шууд элсэн 2 жил суралцаж, бакалаврын боловсрол эзэмших боломжтой болж байна. Мөн гадаад хамтын ажиллагааны хүрээнд голч нь 3-аас дээш үнэлгээтэй төгсөгч, ОХУ-ын Буриад улсын ХАА-н академид 100 хувийн тэтгэлэгтэйгээр үргэлжлүүлэн суралцах боломжтой болсон.

 

Мөн төгсөгчид Солонгос улсын Сожон болон Намсөүлын их сургуулиудад дэвшин суралцаж, ажиллах, “Оюутан цэрэг” тусгай хөтөлбөрөөр цэргийн бэлтгэл сургалтад хамрагдах зэрэг олон давуу талтай болсон.

 

-Мэргэжлийн багшийн хүрэлцээ хангамж хэр байгаа вэ?

-2023-2024 оны хичээлийн жилд 25 сургуульд 19 мэргэшлийн 65 багш дутагдалтай байсан. Энэ маань мэргэжлийн багшийн хангалт 97.9 хувьтай гэсэн үг. Энэ хичээлийн жилд 100 гаруй багшийн сул орон тоо үүсээд байна. Энэ нь хичээл, сургалтын үйл ажиллагааг хэвийн явуулахад хүндрэл учруулж болзошгүй байна. Аймгийн хэмжээнд 14 сургууль дутагдалтай багшаа хүлээж авахад өөрсдийн нөөц боломжид тулгуурлан орон сууцны дэмжлэг үзүүлэх боломжтой. Харин бусад сургууль, цэцэрлэгийн хувьд мэргэжлийн багш авч ажиллуулахад нийгмийн баталгааг ханган орон сууцаар хангах боломжгүйгээс шалтгаалан багш шилжин суурьшиж ирэхгүй байна.

 

-Боловсролын салбар ёс зүйн дэд хороог ажиллуулж байгаа гэсэн. Энэ ажлын үр дүн хэр байгаа вэ?

-Аймгийн хэмжээнд боловсролын 80 байгууллага Ёс зүйн дэд хороог ажиллуулж, ёс зүйн хорооноос дэд хороодод хяналт тавин, зөвлөн тусалж, ёс зүйн зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлэн ажиллаж байгаа.


Энэ хороонд давхардсан тоогоор 129 сургалт, нөлөөллийн ажлыг 3300-гаад багш, ажилтанд зохион байгуулж, холбогдох хууль, журмын хэрэгжилтийг ханган ажилласан.


Гэсэн хэдий ч багш, ажилтны харилцаа хандлага, ёс зүйтэй холбоотой өргөдөл, гомдлын тоо багасахгүй байна. Иймээс багш, ажилтан бүр ёс зүйн тухай хуулийг хэрэгжүүлэн ажиллах шаардлагатай байгаа юм.


 

相关新闻