Мосул хотыг чөлөөлөх ажиллагаанд Иракийн 65 мянган цэрэг оролцоно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРБАГДАД./IraqiNews/.Иракийн зэвсэгт хүчин Мосул хотыг “Лалын улс” бүлэглэлийн террористуудаас чөлөөлөх цэргийн ажиллагааг удахгүй явуулж эхлэхээр бэлтгэж байна.
Мосул хотын 1.3 сая оршин суугч бүслэлтэд ороод байгаа бөгөөд тус хотод “Лалын улс” бүлэглэлийн 5000 орчим гишүүд байна гэж Иракийн хэвлэлд мэдээлжээ.
Тус хотыг чөлөөлөх ажиллагаанд зургаан дивизийн 65 мянга орчим цэрэг оролцох аж.
Үүний зэрэгцээ Курдын 10 мянга орчим дайчин Ниневе мужийн хойд болон зүүн хэсэгт болох энэ ажиллагаанд оролцохоор төлөвлөжээ. Мөн Ниневе мужийн цагдаагийн газрын ажилтнууд, албан хаагчид болон “аль-Хашд аль-Шааби” бүлэглэлийн гишүүд зэрэг 24 мянга орчим хүн Иракийн армийг дэмжихэд бэлэн болсон байна.
Харин Иракийн агаарын цэргийн хүчин АНУ тэргүүтэй эвслийн нисэх онгоцуудтай хамтран агаараас дэмжлэг үзүүлэх ажээ.
Д.Нямтулга