Шугам хоолойн засвар шинэчлэлийг ирэх сарын 15-нд дуусгана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд энэ жил 18 байршилд 15.6 км дулааны магистраль шугамыг өнгөрсөн долоодугаар сараас шинэчилж байна.
Өнгөрсөн долоодугаар сард эхэлсэн УДЭТ-аас Багшийн дээд хүртэлх 900 метр хос шугамыг шинэчлэх ажлын гүйцэтгэгчээр “Рутан” ХХК ажиллаж байна. Сүхбаатар дүүргийн 1,6,8 дугаар хорооны хэрэглэгчдийг дулаанаар хангадаг тус шугам хоолойг анх 1959 онд ашиглалтад оруулсан ч насжилтын хугацаа нь дууссан аж. Үүнтэй холбоотойгоор дээрх байршлын 2Ф350 мм-ийн голчтой 0.95 хос.км шугамыг 2Ф500 мм-ийн голчтой болгон өргөтгөж буй. Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ц.Төрхүү дээрх байршилд ажиллаж, тус ажлыг ирэх сарын 15-наас өмнө дуусгахыг гүйцэтгэгч компанид үүрэг болголоо.
Шугам хоолойн шинэчлэлийн ажил дууссаны дараа нийслэлийн Авто замын хөгжлийн газраас дээрх байршилд авто замыг хучиж, тохижилтын ажлыг эхлүүлнэ. Улаанбаатар хотын хэмжээнд нийт 390 гаруй км дулааны шугам сүлжээ байгаагаас ихэнх нь 30-60 жилийн насжилттай гэж нийслэлийн ЗДТГ-ын ХМОНХХ-ээс мэдээлэв.