Мари Фавэру: Монголын түүхэнд эмэгтэйчүүдийн гүйцэтгэсэн үүрэг хэмжээлшгүй их байсныг ойлгосон

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-08-23 15:30:36

Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтын хүрээнд өнөөдөр 2 салбар хуралдаан болсон юм. Түүний нэг нь "Спорт, урлаг, соёлын салбар дахь жендэрийн тэгш байдал" хуралдаан байв. Тус хуралдааны үеэр өрнөсөн хэлэлцүүлэгт оролцогчдын санал бодлоос хуваалцаж байна.


Тус салбар хуралдааныг үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн дарга Э.Содонтогос удирдан явууллааТэрбээр соёл, урлагийн бүтээлээр дамжуулсан түүхийн зарим нууц баримтуудад эмэгтэйчүүдийн дүр төрх, байдлыг хэрхэн гаргасан байдгийг Парисын Нантеррийн их сургуулийн багш, дэд профессор, түүх судлаач, зохиолч Мари Фавэругаас хуралдааны үеэр тодруулсан юм.  


Францын Дорнын археологийн институтийн гишүүн, Оксфордын их сургуулийн “Нүүдэлчдийн эзэнт гүрэн” төслийн гишүүн Мари Фавэру санал бодлоо хуваалцахдаа, Монголын түүхэнд эмэгтэйчүүдийн гүйцэтгэсэн үүрэг хэмжээлшгүй их байсныг ойлгосноо онцлоод, “Оюутан ахуйгаасаа Монголын эзэнт гүрний түүхийг сонирхон, дундад зууны үеийн эдийн засаг, пакс монголика, худалдааны харилцааг судалсан.


Профессор багш маань ”Энэ бол эмэгтэй хүний хийх ажил биш, чи хатдын тухай судалж болно шүү дээ” гэхэд нь эрэгтэй, эмэгтэй хүний сэдэв гэж байхгүй, хийж чадах итгэлтэй байхад болно гэж хариулж байснаа дурслаа. Тэрбээр цааш нь өгүүлэхдээ, Түүхэн эх сурвалжуудад Монголын эзэнт гүрний үед зарим нэр нь тодорхой бус ч олон эмэгтэй худалдаа, улс төрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байсан. Ямар ч байсан Монголын эзэнт гүрэнд эмэгтэйчүүд маш идэвхтэй байр суурь эзэлж байсныг ойлгосон. Түүхэн дэх эмэгтэйчүүдийн үүрэг, дүр төрх, тэдний тухай ойлголтыг цоо шинээр өөрчлөхөд хүргэж байна. Иймд түүхийн эх сурвалжуудыг харж, баримт бичгүүдийн мөн чанарыг сайтар ойлгох ёстой. Олон нийтэд тэр талаар мэдээлж, тэдгээр эмэгтэйчүүдийг алдаршуулах хэрэгтэй.

Заримдаа түүхэн эмэгтэйчүүдийн гавьяаг баримтаас харах боломжгүй ч түүхэн обьектуудад үлдсэн байдаг. Тухайлбал, тэдний өмсгөл зүүсгэл, хэрэглэж байсан эд зүйлийг дэлгэх хэрэгтэй. Археологийн хайгуулаар олсон булшнаас язгууртан эмэгтэйн эд зүйл олдвол гарал үүслийг нь тодорхойлж, тэдний талаар мэдэх боломжтой. Яг энэ эх сурвалжуудаас үзэхэд түүхэн дэх эмэгтэйчүүдийн үүрэг, зан байдал, хэв шинж, дүр төрх маш их өөрчлөгдөж байгаа” хэмээв. 

 

Үүний дараа Спорт, соёл урлагийн салбарт жендэрийн тэгш эрхийн зураглал хэрхэн өөрчлөгдөж байгаа талаар 

ЮНЕСКО-гийн Зүүн Азийн бүсийн төвийн соёлын газрын хөтөлбөрийн ахлах Хан Дуон Бичээс асуухад: Дэлхийн эмэгтэйчүүдийн форум спорт, урлаг, соёлын салбарт анхаарал хандуулж байгаад баяртай байна. ЮНЕСКО нь жендэрийн тэгш байдлыг машид чухалчилдаг. Дэлхийн хэмжээний үзэсгэлэнгүүдэд эмэгтэйчүүдийн бүтээл олширч байгаа.


Хамгийн сүүлд Парисын Олимпод эмэгтэйчүүд, эрчүүдийн оролцоо ижил тэнцүү байсныг дурдах хэрэгтэй. Түүнчлэн дэлхийн хэмжээнд зохион байгуулж буй уран зургийн 3500 үзэсгэлэнг судлахад, тэдгээрийн 10 хувь нь эмэгтэйчүүдийн бүтээлийг огт гаргаж байгаагүй, 25 хувь нь бүтээлийнхээ 50 хувьд нь дэлгэдэг бол 8 хувь нь эмэгтэй уран бүтээлчдийн үзэсгэлэнг дагнан гаргадаг гэсэн байна. Гэхдээ үндэстэн бүрээр зураглал өөр юм. Тухайлбал, эмэгтэйчүүд хөлбөмбөгийн спортод ордоггүй, зарим спортыг эмэгтэйчүүдэд тохиромжгүй гэх ч ойлголт бий. Энэ хэвшмэл ойлголтыг эвдэхэд тодорхой ахиц гаргаж байгааг тэмдэглэсэн юм.


Дэлхийн бүх улс үндэстнийг хамруулсан 18200 гаруй зүйр цэцэн үг бүхий толь бичгээс эмэгтэй хүний талаарх эерэг хандлагатай ганцхан буюу “Гэрт эмэгтэй хүн байвал шүүдэртэй тал шиг сайхан” хэмээсэн чех ардын зүйр үгийг олж уншсанаа хуралдааныг хөтлөгч Э.Содонтогос дурдаад, харин эх хүн, эмэгтэйчүүдийн тухай монгол ардын зүйр үг арвин баялаг байдаг онцлогтойг хуралдаанд оролцогч олон улсын эмэгтэйчүүдтэй хуваалцлаа. 


Тэрбээр энэ тухайд, "Монгол эмэгтэйг хүндлэн үздэг олон сайхан үнэт зүйлс монголчуудын өв соёлд уламжлагдаж ирсэн байдаг. Монголчууд, монголчуудын сайн сайхнаас дэлхий дахин суралцана гэж бодож байгаа"-гаа илэрхийлээд, “Монгол Улсын төрийн далбааг тээгч хэмээн бид үндэсний авиа компаниудаа тодотгодог. 


Харин спортынхон, урлагийнхан маань монгол нэрийг тээгч нар юм. Тиймээс ямар их нэр төр, хариуцлага үүрч явааг нь ойлгож, тэдэндээ талархдаг. Монгол нэрийг тээж явдаг тамирчин хүний хувьд спортоор хичээллэхэд ямар бэрхшээл байдаг, тэднийгээ төрийн бодлогоор хэрхэн дэмждэг талаар санал бодлоо хуваалцахыг Парисын Олимпын жүдо бөхийн төрөлд мөнгөн медаль хүртсэн тамирчин Б.Баасанхүүгээс хүссэн юм. 


Б.Баасанхүү энэ тухайд: Монголынхоо нэрийг гарган, мөнгөн медаль хүртсэндээ баяртай байгаа. Бэлтгэлээ сайн хийж амжилтаа ахиулах зорилго тавьж байна. Спортоор хичээллэх охид эмэгтэйчүүдийг мөн чадлынхаа хэрээр дэмжих болно. Төр засаг маань тамирчдаа дэмждэг. Илүү дэмжвэл олон амжилт гаргах байх. Хүндрэл бэрхшээлийн тухайд спортын төрлөөсөө хамаараад өөр өөр байх гэж бодож байна. Мөрөөдөлдөө хүрэхийг нь дэмжээд өгвөл монгол тамирчид, монгол эмэгтэйчүүдийн илүү амжилт гаргах боломж бий гэж боддог гэлээ.

 

Мөн тус хуралдааны үеэр, спортын салбарт амжилт гаргахыг нэн тэргүүнд "онилох" бус, харин эрүүл амьдралын хэв маягийг багаас нь бий болгосноор спортоор хичээллэх сонирхолтой хүүхэд залуус олширсон тухай Беларусийн Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Ольга Шпилевская онцолж байв. 


Тэрбээр энэ тухай, “Манай орны соёл, спортын хөгжлийн тухайд хүүхдийн авьяасыг багаас нь тэгш эрхтэй хөгжүүлэх, хүүхдийн авьяас чадварыг хөгжүүлэх боломжийг төрөөс үнэ төлбөргүй олгодог. Охид, хөвгүүдийг спортоор хичээллүүлэх эсэхэд эцэг эхийн хандлага чухал байсан. Үндсэндээ эрүүл амьдралыг сурталчилж, спорт бол хүүхэд бүрийн амьдралын дадал хэвшил болох ёстойг уриалсан. Эхлээд том амжилтыг тунхаглалгүй, эрүүл мэндээ чухалчлах ёстойг сурталчилж, дүүрэг бүрд спортын цогцолбор байгуулаад, төлбөрийг нь маш бага тогтоосон. Хүүхдүүд спорт цогцолборт хичээллэж, эцэг эхчүүдийн анхаарал ч сайжирсан. Хүүхдийг бага наснаас нь спортод татан оруулж, спортын дадал суулгаснаар тухайн улс орны спортын амжилт ч сайжирдаг. Манай улс 20 жилийн турш энэ үйл ажиллагааг өрнүүлсэн" хэмээн туршлагаа хуваалцлаа. 

相关新闻