Иргэд эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд үнэ төлбөргүй хамрагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-10-13 09:23:19

“Засгийн газар 100 хоног” арга хэмжээний хүрээнд Хэнтий аймгийн  Чингис хотноо өнөөдөр нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын хууль сурталчлах өдөрлөг зохион байгуулагдлаа. Энэ үеэр аймгийн НДХ-тэй гэрээ бүхий эмнэлэг, эмийн сангууд иргэдэд үзлэг хийж, үнэ төлбөргүй эрүүл мэндийн зөвлөгөөг хүргэж, зарим төрлийн үйлчилгээг газар дээр нь түргэн шуурхай үзүүлэн ажиллалаа.

Тус өдөрлөгийн үеэр иргэд сайн дурын даатгалд хамрагдан, шимтгэлээ төлөх, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээгээ баталгаажуулах боломжтой байв. Мөн харилцагч эрүүл мэндийн байгууллага, эмийн сангуудын ажилтнууд өдөрлөгт оролцогчдын цусны даралт, цусан дахь сахар, холестриныг хэмжих, эрүүл мэндийн зөвлөгөө өгөх, витаминжуулах зэргээр эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж, хөнгөлөлттэй эмийн жор бичин газар дээр нь олгож байлаа.

Чингис хотод үйл ажиллагаа явуулдаг, хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ үзүүлдэг 8 эмийн сан тус бүрдээ өөрийн онцлогийг харуулсан бүтээгдэхүүн, амталгаа, урамшуулалт худалдааг зохион байгуулсан нь иргэдийн талархал хүлээж байсан юм. Мөн “Хаш тун” хувийн эмнэлгийн зүгээс дотрын ЭХО үнэ төлбөргүй үзэж, сахарын хэмжээ, биеийн жингийн индекс зэргийг үнэ төлбөргүйгээр тодорхойлсон бол “Оргил” эмийн сангийн урилгаар тус өдөрлөгт Улаанбаатар хотоос “Чинбаян” эмнэлгийн эмч нар хүрэлцэн ирж, 100 хүнд хелико бактерийн шинжилгээг үнэ төлбөргүй хийж, хариуг нь үндэслэн зөвлөгөө мэдээлэл хүргэлээ.

Өдөрлөгт оролцогчид хэлэхдээ “Ажил ихтэй хүмүүс тэр бүр эмнэлэгт үзүүлж чаддаггүй учир ийм төрлийн цогц нээлттэй хаалганы өдөрлөгийг улиралдаа нэг удаа зохион байгуулж байх нь зүйтэй” гэдэг саналыг хэлж байлаа.

Хэнтий аймаг Д.Одонтунгалаг

相关新闻