ТӨВ: Монголын их тойромд 99 баг оролцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-08-19 19:34:56

Зуунмод, 2024 оны 8 дугаар сарын 19 /МОНЦАМЭ/. “Монголын их тойром-5” харваачдын баяр 8 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд Өгөөмөрийн аманд болж, 99 багийн 500 гаруй тамирчид оролцов.


Насанд хүрэгчдийн багийн харваанд 83 баг оролцсоноос тэргүүн байрыг Монгол Улсын Гарамгай мэргэн Ч.Буянжаргал ахлагчтай Өмнөговь аймгийн Алтанговь транс ХХК-ий баг эзэлж, дэд байрт Монгол Улсын Мэргэн Т.Сонинбаатар ахлагчтай Өмнөговь аймгийн Их Эрхэт говь ХХК-ий баг, гутгаар байрт Монгол Улсын Үлэмж дархан мэргэн, спортын мастер Б.Баттулга ахлагчтай Дорноговь аймгийг Номт даншиг хеттрик группын баг тус тус шалгарсан байна.   


Ахмадын багийн төрөлд 16 баг оролцсоноос тэргүүн байрыг Монгол Улсын Гарамгай мэргэн Т.Базарханд Улаанбаатар хотын Баянгол дүүргийн Ноён домбо клубын баг эзэлж, дэд байрт Монгол Улсын Үлэмж дархан мэргэн, спортын мастер Т.Ганбүргэд ахлагчтай Улаанбаатар хотын Эрдэнэс таван толгой ХК-ий баг, гутгаар байрт Монгол Улсын Харьшгүй мэргэн Ж.Чулуун ахлагчтай Улаанбаатар хотын Баясгалант баг тус тус шалгарчээ.


Анхны Их тойром харвааг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат малчин, ахмад харваач Г.Сампил гуайн санаачилгаар 2015 онд Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг Хэрлэнгийн хөдөө аралд зохион байгуулж байсан юм.


Удаах тойрмыг 2017 онд Өмнөговь, 2019 онд Дорноговь, 2022 онд Баянхонгор аймагт тус тус зохион байгуулж байсан.

Ийнхүү Дундговь аймаг  2026 онд болох Их тойрмыг зохион байгуулахаар сонгогдон Их тойрмын тугийг хүлээн авав. 

 


相关新闻