Б.Батдэлгэр: Цуглуулга бүр маань тухайн цаг үеийнхээ түүхийг агуулдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-08-16 19:30:37

Улиастай, 2024 оны наймдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Цагдаагийн газар энэ өдрүүдэд түүхт 100 жилийн ойгоо тэмдэглэж байна. Ойн баярын үеэр Завханы цагдаагийн газрын түүхийг харуулсан гэрэл зургийн болон "Мөрдөстэй цуглуулагч" үзэсгэлэнг аймгийн музейд дэлгэжээ.

Дэд хурандаа Баатарын Батдэлгэр нь цагдаагийн албанд 28 жил ажиллаж гавьяаныхаа амралтад суусан нэгэн. Тэрээр багийн цагдаа, хэв журмын ахлах байцаагч, сум дундын цагдаагийн тасгийн дарга, аймгийн Цагдаагийн газрын хэв журмын тасгийн дарга, Төлөвлөлт зохион байгуулалтын тасгийн дарга зэрэг үүрэгт албыг нэр төртэй гүйцэтгэхийн хажуугаар өөрийн цуглуулгаа баяжуулсаар байжээ. Мөрдөстэй цуглуулагч Б.Батдэлгэртэй ярилцлаа.  

Мөрдөстэй цуглуулагч үзэсгэлэн 2022 он цагдаагийн дэд хурандаа Б.Батдэлгэр 


-Танд ойн баярын мэнд хүргэе. Өөрийн цуглуулгаар сонирхолтой үзэсгэлэн дэлгэсэн байна. Хичнээн үзмэр энэд байна вэ?

-Баярлалаа. Энэ ташрамд Монгол төрийн аюулгүй байдал, ард түмний амар амгалан амьдралын төлөө, амь биеэ үл хайрлан зүтгэж явсан ахмад буурлууд, мөн мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэж байсан удирдлага, хамт олон, энэ цаг үед цагдаагийн албанд ажиллаж буй эрхэм алба хаагч Та бүхэндээ Монгол Улсын хөдөө орон нутаг дахь цагдаагийн анхны нэгж “Алтан гадас” одонт Завхан аймгийн Цагдаагийн газрын түүхт 100 жилийн ойн баярын мэндийг хүргэе.


Миний үзэсгэлэнд 470 гаруй үзмэр дэлгэгдсэн. Анх 2022 онд аймгийн Мүзейд "Мөрдөстэй цуглуулагч миний хобби" нэртэй үзэсгэлэнгээ гаргасан маань Завхан аймагт анхны хувийн цуглуулагчийн үзэсгэлэнг  олон нийтэд сонирхуулсан онцлог үйл явдал болж байсан. 


Харин энэ удаад Завхан аймгийн цагдаагийн газрынхаа 100 жилийн ойд зориулж өөрийн цуглуулгын дээжийг дэлгэн үзүүлж байна. Энд цагдан сэргийлэхийн болон цагдаагийн алба хаагчдын мөрдэс, малгайн тэмдэг, медаль, дурсгалын болон энгэрийн тэмдэг он дарааллаараа бий. Мөн гэрэл зургийн аппарат, бугуйн цаг, хутга, морины сувинер, хурдан морь унаач хүүхдийн дугаар зэрэг цуглуулгыг дэглэн үзэгч түмэндээ толилуулж байна. Мөн миний бичиж хэвлүүлсэн ном зохиол,  хурдан морины бэлэг дурсгалын сувинер цуглуулгууд голлож байгаа. 


-Үзэсгэлэнд тавигдсан үзмэрүүдээс онцолбол?

-Миний аав Т.Баатарын ЗХУ-ын "Онц сэргийлэгчийн үнэмлэх"-ийг онцолмоор байна. 1957 онд БНМАУ-ын онц сэргийлэгчээр аав минь шагнуулж байсан. Тухайн үед их хэмжээний хар тамхины хэрэг илрүүлж шагнуулж байсан түүхтэй.


-Цагдаагийн бусад алба хаагчдын цуглуулгууд Таны үзэсгэлэнд багтсан харагдана. Энэ талаар сонирхуулаач.

-Тийм ээ. Энэ үзэсгэлэнд цагдаагийн дэд хурандаа Б.Жаргалын бичиг баримт, фото зураг угаах хэрэгсэл, түүний хүү цагдаагийн хошууч Ж.Уламбаярын асаагуурын цуглуулга, дэд хурандаа А.Долгоржавын цагдаагийн цүнх, цагдаагийн ахмад Ж.Зоригтын албандаа хэрэглэж байсан бичгийн машин гэхчлэн үзмэрүүд дэглэгдсэн. Тухайн цаг үеэ дурсах боломжийг олгож, үзэгчдийн сонирхлыг татаж байгаадаа баяртай байна.


-Та хэзээнээс цуглуулж эхлэв? Одоо цуглуулгаа хичнээн үзмэр, эдлэл хэрэгсэлтэй болгож баяжуулаад байна?

-Олон төрлийн зүйлүүдтэй болохоор яг тоолж үзээгүй юм байна. Ойролцоогоор 670 гаруй эдлэл хэрэгсэл цуглуулсан байх. Би тавдугаар ангийн жаалхүү байхаасаа марк, тэмдэг цуглуулсан. Цагдаагийн албанд ажиллаж эхэлснээсээ хойш мэргэжилтэйгээ холбоотой, тухайн үед хэрэглэгдэж байсан эд хэрэгслүүдийг цуглуулж эхэлсэн. Түүнээс гадна буу, сэлэм, хутга бий. Тухайлбал, ган, төмөр хийцтэй 20 гаруй сэлэм, асаагуур, тэмдэг, цаг, аппарат, сонирхол татсан сувинерүүд гээд үргэлжилнэ дээ. Би өөрөө аймгийн "Алдарт уяач" цолтой. Тэр утгаараа морьтой холбоотой эдлэл хэрэгсэл, сувинерууд ч цуглуулгын маань нэлээд хувийг эзэлдэг.


-Энэ олон цуглуулгыг арчилж тордоход цаг хугацаа, хүч хөдөлмөрөө харамгүй зарцуулдаг байх. Та аливаа зүйлийг хадгалж хамгаалж чаддаг хүн юм?

-Тэгэлгүй яах вэ. Цуглуулгуудаа их нандигнана, бас харамлана. Үе үе гаргаж ирж тоос шороог нь арчиж цэвэрлэнэ. Эхнэр маань миний цуглуулгуудыг их нандигнана шүү дээ. 

 Бүх цуглуулгандаа хайртай. Учир нь нэг  эд хэрэгсэл ч өөрийн гэсэн үнэ цэн, цаг хугацааг агуулдаг.


Тухайлбал, миний цуглуулгад эх орны дайны үед ашиглаж байсан камер бий. Энэ камерыг аймгийн Цагдаагийн газар хуучин байрнаасаа нүүх үедээ хаях гээд хогийн автомашин дээр тавьчихсан байхад нь би олж авсан. Ер нь цуглуулгатай хүмүүс тун сониуч, гярхай, арвич байдаг шүү. Мөн 90-ээд оны нийгмийн шилжилтийн жилүүдэд амьдрал хүндэрч, аймшигт хэргүүд олноор гарах болсон. Тэр үед цагдаагийн алба хэрхэн ажиллаж байсан түүх, хэрэглэгдэж байсан тусгай хэрэгслүүд гэхэд одоогийн албан хаагчдад сонирхолтой байх нь дамжиггүй. Миний хувьд улс орны эдийн засгийн байдал хямарч сулрахад, нийгмийн амьдрал, гэмт хэргийн нөхцөл байдалд гүнзгий өөрчлөлт гардгийг анх цагдаагийн албанд ажиллаж эхэлсэн үеэс биеэрээ мэдэрч хатуу ойлгож авсан ахмад цагдаа хүн.


-Тэр үеийн нийгмийн нөхцөл байдалд цагдаа нар хэрхэн дасан зохицож ажиллаж байсан талаар товчхон сонирхуулаач?  


-1990-ээд оны цагдаагийн байгууллага хүн хүч, техник хэрэгслийн хувьд тун ядмаг атлаа гайхалтай сайн ажиллаж хүнд цаг үеийг амжилттай даван туулж, ноцтой хэргүүдийг шил дарааллан илрүүлж байсан. Гэмт хэргийн өсөлт, өрнөлтийг зогсоож хяналтдаа авч, ард түмний амгалан тайван байдлыг хамгаалж чадсан. Улс орны эдийн засгийн байдлыг сайжруулахад ч бодитой хувь нэмрээ оруулсан тухай аймгийн цагдаагийн газрынхаа түүхэн товчоо номд тэмдэглэж, номыг бүтээж өдгөө залуу хойч үедээ үлдээж байна. Энэ бол Завханы цагдаагийн байгууллагын түүх юм шүү гэдгийг үзэсгэлэнгийн үзмэр бүр хүмүүст хэлж, харуулж байгаа нь онцлогтой, бахархам байна шүү дээ.


-Ямарваа нэгэн цуглуулга ач холбогдолтой гэж та хэллээ. Таны цуглуулгууд танд юуг мэдрүүлдэг вэ?

-Хүний амьдралыг сонирхолтой, зорилготой болгодог зүйлсийн нэг бол цуглуулга юм шүү дээ. Миний цуглуулгууд хобби минь амьдралын утга учрыг таниулж, бухимдал тайлж кайф мэдрүүлдэг. Зорилготой, тэмүүлэлтэй болгодог учраас үнэ цэнэтэй байдаг юм.

Цуглуулгаа амьдралын хэмнэл, утга учир болгосон хүн ч цөөнгүй байдаг шүү дээ. Тэгэхээр цуглуулга гэдэг тухайн хүнийг тодорхойлох, илэрхийлэх өнгө юм уу даа.

Цуглуулагчдыг дотор нь судалгааны, эзэмшигч, сонирхогч, анхлан цуглуулагч гэж ангилдаг юм билээ. Би өөрийгөө сонирхон цуглуулагч гэж тодорхойлоод байгаа юм. Нэг болон нэлээд хэдэн төрлийн эд зүйлс цуглуулж байгаа болохоор. Дэлхий даяар сонирхон цуглуулагчдын тоо сая саяар хэмжигддэг. Тэдгээрийн нэг л юм даа би. /инээв/ Ер нь цуглуулж болохгүй зүйл гэж байдаггүй шүү дээ. "Мөрдөстэй цуглуулагч" үзэсгэлэн маань Завхан аймгийн музейд 8-р сарын 16-аас эхлэн олон нийтэд зориулж 2 хоног дэлгэгдэнэ. 

-Танд баярлалаа. Сайхан баярлаарай.



Завхан аймгийн Цагдаагийн газрын 100 жилийн ойд зориулсан "Мөрдөстэй цуглуулагч" үзэсгэлэнгийн нээлт


Цагдаагийн албанд хэрэглэгдэж байсан аппарат хэрэгслүүд


Цагдаагийн дэд хурандаа Б.Батдэлгэрийн бичиж, хэвлүүлсэн ном


Аппарат хэрэгсэл


Дайны үед хэрэглэгдэж байсан аппарат


Цагдаагийн албаны тэмдэг


Хутга хэрэгслүүд 2022 оны үзэсгэлэнгийн үеэр


Завхан аймгийн музейд анхны үзэсгэлэнгээ гаргасан цуглуулагч Б.Батдэлгэр


相关新闻