Хөгжлийн бэрхшээлийн иргэд хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэхийг хүслээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос өнөөдөр “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилт, цаашдын зорилт” сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгууллаа.
Статистик мэдээллээс үзвэл манай улсад 100 гаруй мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг. Иймд эдгээр иргэдийн эрх ашгийг хамгаалах үүднээс УИХ-аас өнгөрөгч хоёрдугаар сард Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг шинэчлэн баталжээ. Энэ үеэр УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Н.Учрал, Ц.Цогзолмаа болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны ерөнхийлөгч Д.Гэрэл оролцож, тус хуулийн хүрээнд хийж буй ажил, түүний хэрэгжилтийн талаар мэдээлэл хийв.
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан, "Хуулийн хүрээнд БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 60 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах, хөгжлийн төвийн барилга барина. Барилгын шавыг өнгөрсөн сард тавьж, хоёр жил таван сарын дараа ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Мөн Азийн хөгжлийн банкны 25 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог хангаж, үйлчилгээг сайжруулах төслийг Засгийн газар, УИХ-аар батлуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна" гэв.
Оролцогсодын хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тогтвортой ажлын байраар хангах, ялангуяа төрийн байгууллагад тэднийг төлөөлж суугаа мэргэшсэн боловсон хүчнийг халж солихгүй байх, улсын төсвөөр барьж буй нийт барилгын ажлын комисст тэдний төлөөллийг оролцуулдаг болох, тухайн барилга хөгжлийн бэрхшээлтэй иргэн нэвтрэх бололцоогүй бол ашиглалтад авдаггүй байх, угсраа автобусны үйлчилгээний ажилтнуудын хандлагыг өөрчлөх, тусгай зориулалт бүхий автомашины зогсоолуудыг бий болгох зэрэг саналтай байгаагаа илэрхийлж байв.
Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ, "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ТББ-уудаас хуулийн хэрэгжилт болон хуультай холбоотой сурталчилгаа хангалтгүй байна. Мөн хариуцлагын тогтолцоог оновчтой болгох хэрэгтэй гэсэн асуудлыг тавьж байна. Хамгийн гол нь төрийн байгууллагуудын уялдаа холбоо дээшлүүлэх нь Монголд Улсад байгаа 110 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажиллаж амьдрах, сурах орчныг шинэ шатанд гаргах үр дүнтэй хэлэлцүүлэг боллоо" хэмээв.
Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал