Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Япон Улсыг зорилоо
МОНГОЛЫН МЭДЭЭМонгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Япон Улсад хийх албан ёсны айлчлал өнөөдөр эхэллээ.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ сарын 12-15-нд Япон Улсад айлчилж, тус улсын Ерөнхий сайд Шинзо Абэ-тай албан ёсны хэлэлцээ хийж, “гуравдагч хөрш” Япон Улстай хөгжүүлж буй харилцаанд Монгол Улс тэргүүлэх ач холбогдол өгч буйг нотлон ирэх жилүүдэд баримтлах Монгол, Японы Стратегийн түншлэлийн агуулга, чиглэлүүдийг тохирохоор төлөвлөсөн юм.
Айлчлалын хүрээнд мөн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Японы Парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга Ч.Датэ, Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима нарт бараалхана. Түүнчлэн “Монгол, Японы Худалдаа, хөрөнгө оруулалтын форум”-д оролцож, Монголын эдийн засгийн байдал, хөрөнгө оруулалтын орчин, хамтын ажиллагааны боломжуудын талаар Японы хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдад танилцуулж, санал солилцохоор төлөвлөөд байна.
Н.Гантуяа
Гэрэл зургийг Б.Чадраабал