АНУ, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд нар уулзжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВЬЕНТЬЯН, 2024 оны долоодугаар сарын 28 /NHK/. АНУ-ын Төрийн
нарийн бичгийн дарга Энтони Блинкен, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нар Лаосын
нийслэл Вьентьян хотноо болсон Зүүн Өмнөд Азийн орнуудын холбооны /АСЕАН/ Гадаад хэргийн сайд нарын уулзалтын хүрээнд
бямба гарагт уулзжээ.
Талууд Өмнөд Хятадын тэнгис, Тайваньтай холбоотой
асуудлуудаар санал зөрөлдөөнтэй хэвээр байв. Гэсэн хэдий ч харилцаа холбооны
нээлттэй шугамыг хадгалахын чухлыг хүлээн зөвшөөрсөн гэж АНУ-ын Төрийн
департамент мэдэгдсэн байна.
Мөн Э.Блинкен Өмнөд Хятадын тэнгист, тэр дундаа Хоёрдугаар Томас
элсэн харгианд Бээжингийн явуулж буй “тогтвортой байдлыг ганхуулах үйл
ажиллагаа”-нд санаа зовниж байгаагаа илэрхийлсэн гэж Төрийн департаментын
мэдэгдэлд дурджээ.
Филиппиний тал уг элсэн харгиан дээр тодорхой тооны цэрэг
байрлуулдаг бөгөөд тэнд байрлах алба хаагчдад шаардлагатай хангамжийг хүргэдэг.
Гэвч сүүлийн саруудад Хятадын тал Филиппиний хөлөг онгоцнуудын эсрэг албадлагын арга
хэмжээ авсан гэж Манила мэдэгдэх болсон байна.
Төрийн департаментын мэдэгдсэнээр, АНУ олон улсын хууль тогтоомжийн дагуу маргааныг энхийн замаар шийдвэрлэхийг дэмжиж байгааг Э.Блинкен нотолжээ.
“Бээжин Манилатай нөхцөл байдлыг зохицуулах түр тохиролцоонд
хүрсэн талаар Ван И уулзалтын үеэр тайлбарласан” гэж Хятадын Гадаад хэргийн яамнаас
мэдэгдсэн байна. Тэрбээр мөн элсэн харгиатай холбоотой асуудлаар далай тэнгис дэх тогтвортой байдлыг алдагдуулахгүй байхыг АНУ-д уриалжээ.
Филиппиний тал элсэн харгианд алба хаагчдыг ээлжээр
ажиллуулах, хэрэгцээт бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх ажлыг түр зохицуулах
тохиролцоонд хүрсэн тухайд энэ сарын 21-нд мэдэгдсэн юм.
Э.Блинкен мөн Тайванийн хоолойд энх тайван, тогтвортой
байдлыг хадгалахын чухлыг цохон тэмдэглэснийг Төрийн департамент уламжилжээ. Харин
Хятадын ГХЯ-наас мэдэгдсэнээр, “Тайванийн салан тусгаарлагч” хүчнийхний өдөөн
хатгалга бүрийг Хятад улс эсэргүүцнэ гэж Ван И хэлсэн байна.
Украинтай холбоотой асуудлын тухайд Э.Блинкен ОХУ-ын батлан
хамгаалах аж үйлдвэрийн баазыг Хятад улс дэмжиж байгаад “ихэд санаа зовниж”
байгаагаа дахин илэрхийлсэн байна. Хэрэв Бээжин “Европын аюулгүй байдалд
заналхийлж буй энэ аюулыг зохицуулж чадахгүй бол Вашингтон зохих хариу арга
хэмжээг үргэлжлүүлэн авна гэж Э.Блинкен хэлжээ.
Үүний хариуд Ван И хэлэхдээ, АНУ “дангаар авсан” хориг арга
хэмжээнүүдээ зогсоох ёстой гэсэн байна.